Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “Мазаалай” клубтэй хамтран Асралт хайрхан уулын явган аяллын зам, маршрутын дагуу тэмдэг, тэмдэглэгээ тавьж, түр амрах болон отоглох цэг байгуулжээ. Хэнтийн нурууны ноён оргил болсон тус уулын маршрутаар жилд дунджаар 1000 орчим иргэн явганаар зорчдог гэнэ. Уулын спортын мэргэжлийн тамирчид ч Асралт хайрханыг зорих нь олон аж. Тухайн хэсгийн замд аялагч, алхагчдад зориулсан тэмдэг, тэмдэглэгээ байдаггүйгээс иргэд төөрөх, аюул эрсдэлтэй газраар явах, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Иймд дээрх байгууллагынхан зорчигчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ ажлыг санаачилжээ.
Асралт хайрхан чиглэлд аялагч иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг даруй хийх шаардлагатай гэдэг саналыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас анх БОАЖЯ-нд хүргүүлжээ. Улмаар тус яамныхан тухайн бүс дэх аяллын зам, чиглэлийг албан ёсоор баталснаар олон улсын стандартын дагуу тэмдэг, тэмдэглэгээ хийж, түр амрах хоёр, отоглох нэг цэг байгуулсан аж.