Ирэх онд бид парламентын 126 гишүүн сонгоно. Энэ олон хүнээ хэрхэн дэгтэй, ёс журамтай байлгах, яаж “маллах” талаар Тамгын газрын зүгээс гадаадын орнуудаар явж туршлага судалсаар буй. Гэвч хэчнээн гоё туршлага судалж, загвар боловсруулсан ч суурь нь “буруу” хүмүүсийг дэгэнд оруулах гэж багагүй ажил болох нь тодорхой. УИХ-д 2-3 удаа сонгогдсон ч нүд тайлагддаггүй, хор нь гардаггүй улс төрч олон байгаа нь үүний жишээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гадагш албан ёсны айлчлал хийх үед онцын үүрэггүй баахан сул гишүүн дагалддаг. Төсвийн мөнгөөр газар үзэх, дэлгүүр хэсэх мэтийн жижигхэн зорилго тэдний олонход байдаг нь ч нууц биш. Ерөнхийлөгч эдүгээ Лаос улсад албан ёсны айлчлал хийж буй. Түүнийг дагалдах гишүүдэд Тамгын газар, Гадаад харилцааны яамнаас тусгайлан хэрхэн биеэ зөв авч явах сургалт, зөвлөгөө өгсөн сурагтай. Үүнээс хойш ер нь гадаадын айлчлалд явах парламентын гишүүдэд байнга сургалт, заавар өгдөг болох гэнэ. Тэр нь ч дээр. Тэгэхгүй бол албан ёсны айлчлал, угтан авах ёслолоос УИХ-ын гишүүд нь лайв хийх, сэлфидэхээс эхлээд манайхны ёс зүйгүй үйлдэл барагддаггүй. Дипломат ёсны тухай мэддэггүй парламентын гишүүд байгаа нь үнэндээ эмгэнэл юм.
Эрх баригч намын дарга буюу Ерөнхий сайд, түүний танхимын гишүүдийн хүү сард хоёр удаа чуулганы танхимд мэдээлэл хийгээд буй нь нэг талаар ил тод байдал сайжрах давуу талтай. Мөн сөрөг хүчний хэдхэн гишүүнийхээ асуултад хариулах цаг гаргаж буй мэт харагдана. Гэвч нөгөө талдаа угаас үнэмлэхүй олонх болсон намын дарга байн байн “гарч ирээд”, мөрийн хөтөлбөр, бодлогынхоо талаар яриад буй нь “УИХ-ын чуулган уу, МАН-ын хурал уу” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна.
Хилийн чанадад ингэж аашилдаг 76 маань парламентын чуулганы танхимдаа ч ажлаа бүрэн хийхгүй байна. Уг нь Үндсэн хуулийн 23.1-т зааснаар тэд ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй. Гэвч энэ үүргээ үнэнээсээ ухамсарладаг хүн хэд билээ. Өнгөрсөн баасан гаргийн үдээс хойших чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Баасан гараг, тэгээд үдээс хойш болчихоор “амралт эхэллээ” гээд ойлгочихдог юм уу, угаас дундуур байдаг идэвх нь ёроолдоо хүрчихдэг бололтой. Чуулганы хуралдааныг шууд дамжуулж буй ажилтнууд “ичсэндээ” зөвхөн ажлын хэсгийн хэдэн хүнийг татаж, дүрсээ харуулж байсныг нийгмийн сүлжээнд шүүмжилжээ. Танхимаа бүтнээр харуулах гэхээр эзэнгүй ширээнүүд “ёрдойж”, гишүүд нь ажлаа хийдэггүйг илчилчих гээд байсан хэрэг. Мэдээлэл хийж буй юм болохоор Х.Булгантуяа сайд, УИХ дахь бүлгүүдийг төлөөлж МАН-аас Б.Жаргалмаа, АН-аас Н.Ганибал, санал, дүгнэлт танилцуулсан А.Адъяасүрэн нар эрхбиш сууж байсан аж. Цар тахлаар “далимдуулан” телевизийн зураглаач нар чуулганы танхимд нэвтэрч, дүрс авдгийг болиулсан. Тэд зөвхөн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын студиэс дамжуулсан дүрснээс хуулж авдаг. Тэгэхээр парламент дахь буруу булхайгаа нуух боломж УИХ-ын даргад бүрдсэн гэсэн үг. Гишүүд ирцээ бүртгүүлчхээд л “тэнээд” явчихдаг нь энэ удаагийн парламентын хэвийн дүр төрх болоод байна.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар дүрэмгүй хэдэн гишүүнээ зангидаж, дэг сахиулах үүрэгтэй. Хурал даргалагчийн хувиар тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу чуулганыг товлосон цагт эхлүүлж, зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавьж, шаардах, гишүүдэд асуулт тавьж, үг хэлэх зөвшөөрөл олгох, микрофоныг нь хаах, дэг зөрчсөн бол хариуцлага тооцох эрхтэй. Мөн Улсын их хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэж, гадаад харилцааны ажлыг зохион байгуулах, төрийн шагналд тодорхойлох, УИХ-ын даргын зөвлөх болон ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх, парламентаа гадаад, дотоодод төлөөлөхөөс эхлээд ажлаа тайлагнадаг бүх байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дарга нарт нь гадаад, дотоод томилолт олгох журмыг батлуулах гээд олон бүрэн эрхтэй. Үүнд нь гишүүддээ дэг сахиулах, мөрдүүлэх ажил жин дарах нь мэдээж.
Үе үеийн УИХ-ын дарга дотроос З.Энхболд нэлээд чанга, бусдыгаа “базаж” чаддаг байв. Ц.Нямдорж ч хатуухан дарга байж, дэгээ сахиулдаг байлаа. Харин Г.Занданшатар дарга арай зөөлдөөд байгаа бололтой. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагынхны хяналтыг үгүй болгож, чуулганы танхимд зураглаач, гэрэл зурагчдыг чөлөөтэй нэвтрүүлэхээ больсны сөрөг тал гарч байна. Уг нь гишүүд заавал дуранд өртөж байж ажлаа сайн хийх учиргүй, иргэдийн эрхийн төлөө ажиллах нь тэдний үндсэн үүрэг юм. Гэвч хянуулж, цагдуулж, захиргаадуулахгүй л бол ажилдаа идэвхгүй, назгай байдал нь арилах шинж алга. Гишүүдийн ирц 60 хувиас давахаа больжээ. Ядаж улсын төсөв хэлэлцэх үед ирц бараг 100 хувьд хүрдэг жишиг ч энэ парламентад үгүй болсон аж. Төсвийн төсөл хэлэлцэх гэтэл танхимд наймхан гишүүн суугаад, ирц хүрээгүй тохиолдол ч гарсан. Үндсэн ажлаа хийхгүй, хаагуур “хор найруулаад” явдаг юм бол. Мөн спикерийн санаачилгаар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олгох хувийг тав болгон нэмэгдүүлэх, эсэхээрpetition.parliament. mn цахим системээр дамжуулан иргэдээс санал авсан. 100 мянган иргэн дэмжвэл УИХ-аар хэлэлцэнэ гэсэн билээ. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан, уг эрхийг хангах заалтыг Улсын их хурлын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Нийтийн сонсголын, Хууль тогтоомжийн зэрэг хэд хэдэн хуульд тусгасан байдаг аж. Үүний дагуу иргэдийн саналыг авсан ч УИХ нь дэмжээгүй юм. Тэгэхээр иргэдээс санал асуух нь үнэндээ бэлгэдлийн чанартай үйлдэл болчихож байна. Гаргасан санаачилга нь “ангийнхныхаа” дэмжлэг авахгүй, хяналтгүй гишүүддээ ч дэг тогтоож барахгүй, манай УИХ-ын дарга жаахан “хүчгүйдээд” байх шиг.
СӨРӨГ ХҮЧНИЙ НЭРЭЭР ӨӨРСДИЙГӨӨ “СУРТАЛЧЛАВ”
МАН сүүлийн хоёр удаагийн парламентын сонгуулиар үнэмлэхүй олонхын суудал авсан. Энэ удаагийн парламентад тус намаас 62 гишүүн сонгогдсон билээ. Тиймээс хүчний тэнцвэр алдагдаад удаж байна. Аливаа хавар, намрын чуулганыг УИХ-ын дарга нээж, хааж үг хэлдэг. Харин Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцон, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлэл хийж, саналаа оруулах эрхтэй юм. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.1-т “Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон цаг үеийн тулгамдсан бусад асуудлаар Ерөнхий сайд сар бүрийн нэгэн болон гурав дахь долоо хоногийн баасан гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд тогтмол мэдээлэл хийж, УИХ дахь цөөнхийн гишүүдээс амаар тавьсан асуултад хариулна” хэмээн заажээ. Энэ цагаар Засгийн газрын гишүүд ээлжлэн асуулгад хариулж, мэдээлэл хийдэг болсон. Хамгийн сүүлийнхэд нь Х.Булгантуяа сайд оролцсон юм.
Эрх баригч намын дарга буюу Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд ийнхүү сард хоёр удаа чуулганы танхимд мэдээлэл хийгээд буй нь нэг талаар ил тод байдал сайжрах давуу талтай. Мөн сөрөг хүчний хэдхэн гишүүнийхээ асуултад хариулах цаг гаргаж буй мэт харагдана. Гэвч нөгөө талдаа угаас үнэмлэхүй олонх болсон намын дарга байн байн “гарч ирээд”, мөрийн хөтөлбөр, бодлогынхоо талаар яриад буй нь “УИХ-ын чуулган уу, МАН-ын хурал уу” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч энэ тухай сануулаад авчээ. Ерөнхий сайдын “ярих цаг”-ийг нэмэгдүүлсэн дээрх заалтыг 2020 оны өөрчлөлтөөр оруулсан юм билээ. Парламентад нэг нам үнэмлэхүй олонхыг бүрдүүлэх болсны дараа оруулсан энэ өөрчлөлтөөр эрх баригчид сөрөг хүчний нэрээр өөрсдийнхөө ажлыг сурталчлах боломж бүрдүүлсэн нь ч нууц биш.
11 гишүүнтэй сөрөг хүчинд хоёр дэд хорооны даргын албыг хашуулахаар хуульд тусгасан. Эдүгээ Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар АН-ын Б.Пүрэвдорж гишүүн ажилладаг. Үүн дээр нэмээд ирэх оноос эхлэн Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчинд “өгөх” өөрчлөлт хийгээд байна.
Баахан “улаан” дунд 11 цэнхэр, нэг бие даагч, гуравдагч хүчний төлөөлөл хоёрхон хүн үнэндээ ялгарахгүй нь. Тиймээс л парламентын хийх ажил нь үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэдэг болчихжээ. Улсын хууль тогтоох дээд байгууллагыг нэг намын хурал мэт болгохгүйн тулд ирэх сонгуулиар “алаглуулсан” сонголт хийх л арга бий.