Чингэлтэй дүүргийн АН-аас өчигдөр жагсаал зохион байгуулав. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Сүхбаатар жил гаруйн хугацаанд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллахдаа 420 тэрбум төгрөгийн төсвийг үр дүнгүй зарцуулсан хэмээн АН-ынхан буруутгажээ. Ж.Сүхбаатар “ногоон автобус”-ны хэрэгтэй холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон билээ. Гэвч “давхар дээл”-ээ тайлахаас гадна хариуцлага хүлээх ёстой хэмээн тэд үзэж байна. Мөн тус дүүргээс УИХ-д сонгогдсон Л.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар ч хариуцлагаас гадуур өнгөрөх ёсгүй гэжээ.
Тэд Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс Төрийн ордны баруун хаалга хүртэл лоозон барин алхаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ тухай шаардлагаа хүргүүлсэн юм. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАН цалингийн бодит хэмжээг үнийн өсөлттэй уялдуулж нэмнэ, ядуурлыг хоёр дахин, агаарын бохирдлыг 7080 хувиар бууруулна, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна, ёс зүйн алдаа гаргасан болон хууль зөрчсөн улс төрчдөд хариуцлага хүлээлгэнэ зэргээр тусгаснаа огт хэрэгжүүлсэнгүй гэсэн юм. “Иргэд өрийн дарамтад орсон, амьдрал ямар хүнд байгааг гэр хорооллоос харж болно” хэмээн тэд ярьсан. Ард түмний нэрээр гадаадаас зээл, тусламж авсаар эдүгээ нэг хүнд 33 сая төгрөгийн өр ногдож буй гэнэ. УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү тэргүүтэй Чингэлтэй дүүргийн АН-ын хорооныхон уг жагсаалыг тэргүүлэн оролцсон байна .