Ардчилсан намын удирдлагын зөвлөгөөн өнгөрсөн ням гаригт болжээ. “Том”-оос эхлээд шинэхэн сонгогдсон дунд шатны намын дарга нар, Улс төрийн зөвлөлийн гишүүд нь хуралдаж, ирэх сонгуулийн стратеги, бас бус нарийн ширийн зүйлсээ ярилцсан байна. 2016 оноос эхэлсэн бүтэлгүйтлийнхээ шалтгааныг ч хэлэлцсэн аж. Дотоод эв нэгдлээ хангаагүй, үзэл санаанаасаа ухарсан, нэгдсэн стратеги боловсруулаагүй хэмээн Л.Гантөмөр дарга намынхаа алдааг “оношилжээ”. Олон тийш харсан фракцуудынхаа эрх ашгийг хангаж, нэгтгэн ажиллахад түүнд үнэхээр амаргүй байсан гэнэ. “Эвлэж нэгдэх нь дайтахаас хүнд юм байна. Асар их тэвчээр шаарддаг аж. Гэхдээ бид чадлаа.
Эрх баригчид эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байгаа тухай сайхан мэдээ дуулгасан ч үнэндээ бодит амьдрал дээр иргэд өрнөөс өрний хооронд амь зогоож буй нь нууц биш. Тиймээс өр бол тэдний ирэх сонгуулийн гол сэдэв байх нь. Иргэдийн саналыг асууж, бодит нөхцөл байдалтай танилцсанаар тус намынхан “Өргүй Монгол” гэдэг сонгуулийн стратеги боловсруулж буй юм байна.
Аймаг, дүүргүүдийн намын хорооны удирдлагын сонгуулиас үүнийг харж болно” гэсэн байна. Хэдийгээр тэд “ялсан” гэж буй ч нөгөө талд нь албан тушаалаа булаацалдсан фракцуудынх нь зөрчилдөөн оршсоор байгаа юм. АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаан генсекээ томилолгүй, түр завсарласнаас хойш хоёр сар өнгөрсөн ч шийдэлд хүрч чадсангүй.
ДУНД ШАТНЫ СОНГУУЛЬ
АН-ынхан дунд шатны намаа цэгцлэхэд аравдугаар сарыг зориулсан гэж болно. Дүүрэг, аймгийн намын хорооны уг сонгуулийг тэд хоёр үе шаттай зохион байгуулжээ. Энэ сарын эхэнд дунд шатны намын хороодынхоо гишүүдийн сонгуулийг 22 нэгжид хийж, 865 хүн нөхөн сонгосон байна. Нэг дүүрэг, найман аймгийн сонгуулийг түр хойшлуулаад байснаа ч хийж дуусгасан гэсэн мэдээллийг хэвлэлийн албанаас нь өгсөн юм. Мөн тэд энэ сарын 20-нд дунд шатны намын дарга нараа сонгов. Үүгээр есөн дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны даргыг сонгосон бөгөөд уржигдар тэдэнд батламжийг нь гардуулж өгчээ.
Эдгээр сонгуультай холбоотой зарим нэг маргаан гарсныг Дотоод сонгуулийн хорооныхоо дүрмийн дагуу шийдсэн аж. Ямар ч зөрчилгүй, гар өргөн 100 хувийн саналаар сонговол ардчилсан сонгууль гэхэд хэцүү болно.
ГЕНСЕК БОЛОН НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГААР ХЭН АЖИЛЛАХ ВЭ
Наймдугаар сарын сүүлчээр хуралдсан ҮБХ-ны хурлын өмнө тус намын фракцууд тохиролцож, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд 15 дэд дарга томилсон билээ. Мөн Л.Гантөмөр генсектөөрийн хүнээ томилуулахаар ярилцсан гэж байсан юм. Гэвч фракцын тэргүүнүүд нь ярьснаасаа эргэж буцав уу, одоо болтол энэ албан тушаалд хэн нэгнийг томилж чадаагүй явна. Үүнээс гадна нийслэлийн АН-ын дарга гэдэг “бялуу” бий. Ерөнхий нарийн бичгийн дарга болон нийслэлийн намын хорооны дарга нь АН-ын хамгийн том гурван албан тушаалд багтдаг. Тиймээс удирдлагыг гартаа авахыг бүх л фракц хүсэж, тохиролцож чадахгүй байгаа аж.
Энэ талаар Л.Гантөмөр удирдах ажилтны зөвлөгөөнийхөө үеэр “Надаас Нийслэлийн намын хорооны дарга, генсекээрээ хэнийг тавих гэж байна, яагаад удаашрав гэж их асууж байна. Нийслэлийн намын хорооны даргыг би томилдоггүй. Бусдыг сонсож чаддаг, ажилдаа дарлуулдаггүй, өндөр боловсролтой, чигч шударга, залуу хүнийг генсекээр сонгоно гэдгээ албан ёсоор хэлье” гэжээ. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ч.Өнөрбаярыг генсект зүтгүүлж байсан ч тэрбээр 15 дэд даргын нэг болчихсон. Гэвч “ах” нар нь үүнд ханахгүй, түүгээр заавал намын гал тогоог хариуцуулна хэмээн “зөрүүдэлж” буй сураг байна. Л.Гантөмөрийн зүгээс өөрийн фракцын туршлагатай улс төрч болох З.Нарантуяаг томилох байх гэсэн хүлээлт бий.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон ч энэ эмэгтэйг “сойж”, намын ерөнхий нарийн бичгийн даргаар бүсгүй хүн томилсон нь зөв гэсэн байр сууриа хэдийн илэрхийлсэн. Харин намын даргынх нь хэлсэн “залуу хүн” гэдэг ангилалд З.Нарантуяа ч, зарим хэвлэлээр мэдээлсэн шиг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин ч багтахгүй болчихож байгаа юм. Тиймээс нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллийг зөвлөхөөрөө томилон ажиллуулж буй АН-ын дарга генсекийн албан тушаалд 1980-аад оныхныг томилж мэдэх нь. Төв аймагт нэрээ дэвшүүлэхээр бэлтгэж яваа, АН-ын залуу улс төрчдийн нэг С.Эрдэнэболд, хуульч О.Алтангэрэл зэргээр фракцууд өөрийн хүнээ санал болгож буй нь уг ангилалд нийцэж байна.
Мөн нийслэлийн намын хорооны даргад Д.Бадарсан, Ц.Баатархүү, М.Тулгат, Т.Батцогт нарын нэрийг ярьж буй аж. Эдгээрээс Ц.Баатархүүгээс бусад нь эдүгээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ямартай ч сонгуулийн жил эхлэхээс өмнө АН-ынхан тохиролцоогоо хийж, дээрх албан тушаалууд эзэнтэй болох учиртай.
Нам доторх “бялуу” хуваарилалтаас гадна ирэх сонгуулиар жагсаалтад нэрээ бичүүлэхийн төлөөх марафон тэнд өрнөж байгаа. Хувийн биш, олон нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллах, мэдлэг, ёс суртахуунтай хүмүүсээ жагсаалтад оруулна гэдгээ ч Л.Гантөмөр дарга хэлжээ. Ингэхдээ нам дотроо төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх шалгуур тавих гэнэ. Энэ нам нэрээ цэвэрлэж, сэхэж дээрдэхийг хүсэж буй бол ийм шалгуур тавих нь зүйн хэрэг. Гагцхүү тэдний дунд мөнгөтэй, нөлөөтэй ах нарын “гар хөл” орохгүй гэх баталгаа үгүй юм.
“ИХ УЛС ТӨР ЭХЭЛЛЭЭ”
Удирдах ажилтнууддаа Л.Гантөмөр ийнхүү мэдэгдсэн юм билээ. Өнгөрсөн долоон жилд АН-ынхан хоорондоо хуваагдаж, талцан, дараалсан ялагдал хүлээн “дампуурсан” ч одоо эмхэлж, цэгцлэх шатандаа орсныг тэр онцолжээ. Тус намаас “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж буй бөгөөд одоогоор 17 аймаг, зургаан дүүрэгт зохион байгуулаад байна. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болоход улсын өр 16 их наяд төгрөг байсан бол эдүгээ 31 их наядад хүрсэн гэж буй. Эрх баригчид эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байгаа тухай сайхан мэдээ дуулгасан ч үнэндээ бодит амьдрал дээр иргэд өрнөөс өрний хооронд амь зогоож буйнь нууц биш. Тиймээс өр бол тэдний ирэх сонгуулийн гол сэдэв байх нь. Иргэдийн саналыг асууж, бодит нөхцөл байдалтай танилцсанаар тус намынхан “Өргүй Монгол” гэдэг сонгуулийн стратеги боловсруулж буй гэнэ.
Л.Гантөмөр “Бид ард түмнээ, Монгол Улсаа өрнөөс салгаж чадна. Тийм оюуны чадамжтай боловсон хүчний нөөц Ардчилсан намд хангалттай бий. Өрнөөс гаргахын тулд нийгмийн халамжийг хумьж, аж ахуйн нэгж, иргэдийг бизнес, хөдөлмөр чөлөөтэй эрхэлдэг нөхцөлөөр хангана. Үүний суурь нь банкны зээлийн хүүг бууруулахаас эхэлнэ” гээд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалахаа мэдэгдсэн байна. Үүгээр АН-ын их улс төр эхлэх аж.
АН-ын даргыг удаан ажиллаж байгаа тухай шүүмжилсэн хүмүүст тэрбээр “Надад өөрийн гэсэн бодлого, мэдрэмж, төлөвлөгөө бий. Би зогсолтгүй урагшилж байгаа” гэжээ. Нээлттэй ярилцаж, нүүрэн дээрээ муудалцдаг нь энэ намын онцлог ч хагалан бутаргах, хэн нэгний албан тушаал, эд мөнгөнд шунасан сувьдаг сэтгэлийг хангаж чадахгүй гэдгээ бас хэлсэн байна лээ.
Түүний хэлсэн шиг энэ нам сэхэж, ирэх сонгуулиар олонхын суудал авдаггүй юм гэхэд хүчтэй сөрөг хүчин болж ажиллавал улс оронд хэрэгтэй. Сонгуулийн жил эхлэхэд хоёр сарын хугацаа үлдсэн энэ үед АН-ынхан хүссэн ч, хүсээгүй ч нэг тийш харж ажиллах биз ээ.