Ардчилсан намаас өчигдөр ээлжит “4-11” уулзалтаа хийж, хэд хэдэн сэдвээр мэдээлэл өглөө. “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийг тус намаас эхлүүлж, одоогоор 14 аймаг, хоёр дүүрэгт зохион байгуулаад буй. Монгол Улсад өр, зээлгүй иргэн, байгууллага үгүй болсон, үүний шалтгаан нь төрийн данхар бүтэц, татварын дарамт гэж тэд үзжээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн гаргасан саналаас намынхаа мөрийн хөтөлбөр, бодлогод тусгах юм байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат 431 дүгээр хорих ангид хүмүүжиж буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ. Энэ долоо хоногийн эхээр ШШГЕГ-аас хүмүүс очиж, Д.Мөнх-Эрдэнийг дарамталсан тухай мэдээлэл тархсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ талаар “Авлига, албан тушаал, хулгайн гэмт хэргийн эсрэг ажиллах ёстой байтал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ, тэр дундаа АН-ын гишүүдийг хорьдог. Түүнд үүсгэсэн хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдэх боломжтой байсан. ШШГЕГ-аас тусгай ажилтнууд хорих ангид төлөвлөгөөт бус шалгалт хийсэн юм байна. Д.Мөнх-Эрдэнийг ирэх сард магадлангаар оруулах ёстой.
Үүнд оруулахгүйн тулд түүнд сахилгын арга хэмжээ авчээ. Өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь холбогдох байгууллагад хандсан байгаа юм билээ” гэв. Түүнчлэн АН-ынхан нүүрсний хулгай, “Ковидын хууль”-тай холбоотой нарийн мэдээллийг олон нийтэд ил тод өгч, сонсгол хийхийг байнга шаардахаа мэдэгдсэн. Эрх баригч намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, хэлэлцүүлж буйг тэд мөн шүүмжилсэн юм. “МАН нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэлд халдаж, сонгууль будилаантуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргыг хоёр удаа дээрээс шууд томиллоо. Хотын даргыг иргэд өөрсдөө сонгох ёстой. Мөн Баянгол дүүрэгт засаглалын хямрал нүүрлэсэн. Засаг даргаа сонгож чадахгүй есөн сар болж, хороодод нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байна” гэв. АН-ын дунд шатны намын хороодын гишүүдийн сонгууль энэ сарын 14- нд 22 нэгжид болж, улсын хэмжээнд 865 гишүүнийг нөхөн сонгожээ. Нэг дүүрэг, найман аймгийн сонгууль түр хойшилсон гэнэ. Мөн дунд шатны намын дарга нарын сонгууль нь маргааш болох юм байна. Сонгуультай холбоотой гарсан маргаан, гомдлыг дүрмийнхээ дагуу шалгаж байгаагаа тэд дуулгасан.