Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд ирэх оны төсвийн талаар үг хэлэв. 2023 оны төсөв бүхэлдээ Монгол Улсад олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд чиглэсэн бол ирэх оны төсвийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих агуулгатайгаар боловсруулсныг тэрбээр онцолсон. Энэ онд эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд төгрөн даван, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Чингис” бондын 2.8 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлсөн. Улсын төсвийн орлого энэ жил 1.8 их наяд төгрөгөөр даван биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллароор эерэг гарсан зэрэг үзүүлэлт нь авлигатай хийсэн тэмцлийн үр дүн гэв.
2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөөд буй. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог хэмээн Ерөнхий сайд тэмдэглэсэн. Мянганы замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болж буй уг төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох юм. Мөн ирэх онд багтааж 1300 км авто замын төслийг эхлүүлэх нь. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын цалингийн урамшууллын систем, хотын шинэ эрх зүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц ажил хийхээр ирэх оны төсөвт тусгажээ.