Замын-Үүдийн хилээр их хэмжээний химийн хорт бодис нэвтрүүлсэн эмэгтэйг тус сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Эл сумд оршин суудаг Т.Н юунд ашигладаг нь тодорхойгүй, ямар нэр, төрлийн гэдэг нь мэдэгдэхгүй бодисыг 200 литрийн 21 торхоор хил давуулан авчирсан аж. Уг нь холбогдох хууль, журамд зааснаар химийн хорт, аюултай бодис импортолж буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргаж, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Энэ мэт хуулийн наад захын шаардлага хангагдаагүй учраас хууль сахиулах байгууллагынхан химийн хорт бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн эмэгтэйд Эрүүгийн хуулийн 24.3-1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан тухайн бодист шинжилгээ хийж эхэлсэн гэнэ.