Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ руу гарахаар явсан герман эр манай хилийг зөрчжээ. Тэрбээр нохойтойгоо өмнөд хөршийн хилээр нэвтрэх гэсэн ч бичиг баримтын зөрчилтэй байснаас болсон уу, оруулаагүй аж. Тиймээс эргэж Монгол Улсын нутаг руу явган алхаж, боомтын бус газраар хилийн торон доогуур шургаж орж ирсэн гэнэ. Хилчид түүнийг саатуулан шалгаж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш-д Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 33 220, мөрдөн байцаалтын 2875 хэрэгт хяналт тавьж, 193-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор энэ герман эрд холбогдох хэрэг багтжээ.