Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, өдгөө ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж буй Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дуусгажээ. Түүнд яллах дүгнэлт үйлдүүлж, хэргийг нь шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүлсэн байна. Эл албан тушаалтныг 2021 оны наймдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэрбээр ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх болон түүний хамаарал бүхий хүмүүстэй хамтарч малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцины хөрөнгөөс завшин, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон юм.
Тэд эрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017-2020 онд дөрвөн удаа өндөр үнээр авсан гэж буруутгагдаж буй. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн дээрх хувийн үйлдвэрээс нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авсан байдаг. Ингэснээрээ 778 000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөгийг дээрх хүмүүс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон юм. Тэдэнд холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсноор ийнхүү өнгөрсөн долоо хоногт прокурорын хяналтад очсон аж.