Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
Тухайлбал, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас холбогдох баримтыг гаргуулж аваад, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь АТГ-т шалгаж буй юм. Энэ хүрээнд өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандартын газрын дарга С.Төмөрдулам, тус газрын барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарын гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм. Улмаар зарим хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар прокурор, шүүхэд хандахаар болсон тухай мэдээлэл бидэнд ирлээ.