Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажилладаг хэмээн сайд дарга нар нь ч ярьж, албан тушаалтнууд нь ч баримт үзүүлэн тайлангаа танилцуулдаг. Хамгийн сүүлд СЭЗИС-ийн Эдийн засаг, санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоо “Үндэсний тойм” сэтгүүлд “ТӨХК-иудын эргэлтийн хөрөнгө 53 их наяд. Нийт ТӨХК гэхээр ойролцоогоор 94 аж ахуйн нэгж бий. Эдгээр компанийн нийт хөрөнгө 53 их наяд гэсэн үг. Гэвч ердөө 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна. Нийт хөрөнгөтэй нь харьцуулбал юу вэ гэмээр тоо. Үнэхээр хангалтгүй, маш муу ажиллаж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, 300 тэрбумыг нь хэдхэн уул, уурхайн компани бүрдүүлж байгаа. Тэгэхээр 94 аж ахуйн нэгжээс дөрвөн л энэ хөрөнгийг бүрдүүлчихдэг. Харин үлдсэн 90 орчим ТӨХК нь алдагдалтай буюу ашиггүй ажилладаг гэсэн үг” хэмээн өгүүлсэн нь бий.
Ингэж алдагдалтай ажиллахад удирдлагынх нь ашиг сонирхол ч нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит, өдгөө “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтсан “Багануур” ХК цахилгаан станцуудаас нүүрсний төлбөрөө авч чаддаггүй, нүүрсээ төмөр замаар тээвэрлүүлээд өр төлбөр ихтэй гэж тайлагнадаг. Тус компани 2022 онд 40.7 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажиллана хэмээн төлөвлөсөн байдаг бөгөөд тухайн оны арванхоёрдугаар сарын байдлаар 33.6 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн тайландаа дурдсан.
Энэ алдагдлын багагүй хэсэг нь удирдлагын багийнхантай нь холбоотой бололтой. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэг үүнийг илтгэх мэт. Компанийн хөрөнгөөс “шахааны” сэлбэг авах, өөрийнхөө буруутай үйлдлийг хаацайлахын тулд цахим хуудас ажиллуулдаг сэтгүүлч, компани, төрийн бус байгууллагынханд мөнгө цацсан нь төрийн өмчит уурхай алдагдалтай ажиллах нэг шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.
УУРХАЙД СЭЛБЭГ, ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР УНАЦ ИХТЭЙ БОЛОЛТОЙ
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулууныг 2022 оны гуравдугаар сард ЭЦА-ныхан анх эхэлж шалгаад, улмаар прокурорын тогтоосон харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн юм. Хээл хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр түүнийг шалгах явцад дээрх компанийн албан тушаалтнуудын эрх мэдлээ ашигласан өөр олон үйлдэл тодорхой болсон аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулуун тэргүүтэй Б.Бат-Эрдэнэ, Д.Нарандорж, М.Ганбат, Г.Нандинцэцэг, Д.Болд, С.Ичинхорлоо, С.Батхишиг, Б.Ганзориг, Ш.Буянням, Г.Даваасүрэн, Д.Эрдэнээ, Т.Мөнх-Эрдэнэ, Т.Эрдэнэхүү нарын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр болоод байгаа юм. Тодруулбал, эл компанийн Худалдаа хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, эл компанийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү болон төрийн өмчит уурхайд сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх ашиг сонирхолтой аж ахуйн нэгжийн удирдлага багтсан 14 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-2, 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Төрийн өмчит уурхай, үйлдвэрийн газруудад сэлбэг, хэрэгсэл нийлүүлчихвэл ашиг, унац ихтэй байдаг бололтой. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд хэрэгтэй, хэрэггүй нь тодорхойгүй сэлбэг нийлүүлэх гэж удирдлагад нь хахууль өгөөд ч болтугай хүслээ гүйцэлдүүлэх гэж оролдох явдал гарсаар. Хамгийн сүүлд л гэхэд “Цемент шохой” ХК-д ЭКГ-5А экскаваторын 13 нэр төрлийн 238.2 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, хэрэгсэл нийлүүлэхээр санаагаа илэрхийлж, барааг нь авбал үнийн дүнгийн 10 хувийг нь өгөхөөр Д.Сайнбаяр гэдэг хүн эл компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт санал болгосон хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.
Түүнтэй адил “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлж чадвал ашиг, унац нь их байдаг гэхэд хилсдэхгүй нь. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг Худалдаа, хангамжийн хэлтсийн мэргэжилтэн М.Ганбаттай хамтарч “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэгт давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй юм билээ. Тус компани нь 2021 оны намар, өвөл сонгон шалгаруулалтгүйгээр 236 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг хэрэгсэл нийлүүлэх нэг бус гэрээг“Багануур”-тай байгуулсан аж. Улмаар гэрээг эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж баталгаажуулан, мөнгө шилжүүлэх зөвшөөрөл ч олгосон гэнэ.
Д.Нарандорж захиралтай “Эко чандмань” ХХК-тай 130 гаруй сая, “Соёмбо принтинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Тайшир-Өргөө” ХХК-тай 65 сая төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулахад Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч, Э.Номинчулуун гарын үсэг зурж, түүгээр дамжуулан 19 сая гаруй төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болсон аж. Мөнөөх Б.Бат-Эрдэнэ дээрх хоёр компанийг зуучилснаас гадна “Баянбогд Алтай” гэх компани “Багануур”-т 265 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх хэд хэдэн гэрээ байгуулахад ч оролцсон нэгэн агаад түүнийг нь баталгаажуулж, мөнгийг нь шилжүүлснийхээ хариуд Э.Номинчулуун “шагнал”-аа авсан гэнэ.
“МОНГОЛ ДААТГАЛ” САЙН ДУРААР БУС, ХАХУУЛЬ ӨГЧ ДААТГАСАН ГЭВ ҮҮ
“Багануур” ХК-д ажилладаг, танил талтай л бол ямар ч албан тушаалтан байх нь хамаагүй бололтой. Гүйцэтгэх захирал асантай холбоотой дээр дурдсан 14 хүний дунд эрх бүхий албан тушаалтнаас авхуулаад засварчин нь хүртэл яллагдагчаар татагдсанаас ийн дүгнэж болохоор. Тус компанийн эрх бүхий албан тушаалтан буюу Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болдыг нэг бус үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгасан байдаг. Өмнө нь түүнийг “Норлин-Очир” ХХК-ийн нэрээр 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны нэгдүгээр сарын 27-ны хооронд 10 удаа вагоноор нүүрс тээвэрлүүлж, 40 саяар үнэлэгдэх ачааг “Толгойт”, “Амгалан” өртөөнд хүргүүлж С.Баясгалан, Г.Баасандорж нарт давуу байдал олгосон хэрэгт шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлж байв. Тэгвэл энэ удаа Д.Болдыг “Монгол даатгал”-ын Багануур дүүрэг дэх салбарын захирлаас хахууль авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татсан аж. Нэр дурдсан 14 хүний дотор “Монгол даатгал”-ын Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо багтсан. Тэрбээр Д.Болдод 1.6 сая төгрөгийн хахууль хүүхдээр нь дамжуулж өгсөн гэж буруутгагджээ. “Багануур” ХК-ийн ажилтан, ажиллагсад гэнэтийн ослын даатгалд хамрагдах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ гэрээг байгуулахдаа удирдах албан тушаалтан нь хахууль авсан нь байж боломгүй. Даатгал бол хуулиар тогтоосон албан журмынхаас бусад нь сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулдаг. Харин “Монгол даатгал”-ын Багануур дүүрэг дэх салбарын захирал нь тус уурхайн нийт ажилтныг гэнэтийн ослын болон хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалд хамруулах гэрээ байгуулсныхаа дараа дээрх албан тушаалтанд хахууль өгсөн үйлдэлд нь прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Д.Болдыг буруутгаж буй өөр нэг бус үйлдэл бий. Тодруулбал, “Баяжих чандмань бирж” ХХК-тай 322 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх цөөнгүй гэрээ байгуулан төлбөрийг нь олгуулж, өөрөө мөнгийг нь авч, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан аж. Мөн “Арвин сангийн өргөө” ХХК-ийг ашиглан Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн ахлах менежер Б.Ган-Од нараар нэгэн сэлбэгийг нэн шаардлагатай хэмээн төсөв батлуулж мөнгийг нь олгох шийдвэр гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.
“Багануур” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээг хүүгийнхээ гуйснаар албан тушаалаа урвуулж “Юү Жэй Ай” ХХК-д давуу байдал үүсгэсэн гэж буруутгажээ. Гадаад худалдааны чиглэлээр байгуулсан Э.Ууганболд захиралтай “Юү Жэй Ай” ХХК 111 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулсан аж. Бас төрсөн ахынхаа хүүгийн байгуулсан “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-д давуу байдал бий болгохын тулд “Багануур” ХК-ийнхаа Худалдаа, хангамжийн хэлтсийнхэнд нөлөөлөн 107 сая гаруй, найз Б.Мандахын “Тунамал нуур групп” ХХК-д 927 сая төгрөгийн үнийн дүнтэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж төрийн өмчит аж ахуйн нэгжид хохирол учруулсан, хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм билээ. Түүнд хахууль өгсөн хүн нь “Багануур” ХК-ийн Технологи, автомашин засварын хэлтсийн засварчин, ахынх нь хүүхэд болох Т.Эрдэнээ аж. “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийнхан 2019 онд тендергүйгээр “Комацу” загварын тээврийн хэрэгсэлд нь редукторын иж бүрдэл сэлбэг нийлүүлэхээр болж “Багануур”-аас 120 сая төгрөг гаргуулан авсан бөгөөд үүнийхээ 20 саяыг нь ерөнхий нягтлан бодогчид өгсөн хэрэгт холбогджээ.
“Багануур” ХК-ийн Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишигийн тухайд найз О.Гантулгынхаа “Мон Алтай групп” ХХК-иас 520 сая, хамаарал бүхий Т.Энхбат гэдэг хүний нэрээр “Нью Ази партнерс” ХХК-ийг ашиглан 157 сая, “Нью Ази партнерс”-ийг эзэмшигч Д.Наранбилэг болон түүний ахтай 184 сая төгрөгийн өртөгтэй сэлбэг, хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулан байгууллагадаа хохирол учруулсан хэмээн буруутгагдсан байна. Дээрх аж ахуйн нэгжүүдээс гадна, “Ди Жи Ти” ХХК-ийн захирал Д.Гантулга, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, Ш.Буяннямын хамаарал бүхий “Юү би ти эй транс” ХХК-ийнхнаас сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж өгснийхөө хариуд шан харамж авч байсан гэж яллагдаж буй гэнэ.
ХЭВЛЭЛИЙНХНИЙ АМЫГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР БАРИХЫГ САНААРХАВ
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг хахууль авснаас гадна өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ өөрийнхөө эсрэг мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхын тулд хэвлэлийнхний амыг барихыг санаархсан гэхэд хилсдэхгүй. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажилласан Э.Номинчулууныг 2022 оны гуравдугаар сарын 21-нд ЭЦА-ныхан шалгаж эхэлсэн бөгөөд өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөн, илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Тэгвэл энэ хэрэгт шалгуулж буйгаа олон нийтэд мэдээлэхгүй байлгахын тулд цахим хуудас эрхлэгч хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад мөнгө цацаж, түүнээсээ “урамшуулал” авч байгаад 2022 оны дөрөвдүгээр сард хууль сахиулах байгууллагынханд үйлдэл дээрээ баригдсан юм.
Тодруулбал, “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригтой холбогдож, 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn), “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam.mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай нийт 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ шууд байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн гэдэг. Ингэснээр “Багануур” ХК-д 130 гаруй сая төгрөгийн хохирол учирсан хэмээн дээрх хоёр хүнийг буруутгаж буй юм билээ. Мөн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар татагдан шүүхэд хэргийг нь шилжүүлээд байна.
“Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх нэрээр гэрээ байгуулсан, гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны талаар сөрөг мэдээлэл цацахгүй байх гэрээ байгуулсан сайтуудыг шүүх, прокурорын байгууллагаас иргэний хариуцагчаар дуудаад буй гэсэн. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 3-нд хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж хойшлуулсан юм.