АН-аас өчигдөр цаг үеийн сэдвээр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Нийтийн тээврийн паркийг шинэчлэхтэй холбоотой, төрийн нууц нэрээр хийсэн авлигын гэмт хэргийг марталгүй, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг тэд шаардсан юм. Тус намын гишүүн Ц.Одонтунгалаг “Том оврын автобусны холбоо хэмээх хувийн компаниудын “мафи” бий болсон, тэд Нийтийн тээврийн газрынхныг байнга шантаажилдаг, төрийн байгууллага нь бодлогоо тодорхойлж чадахаа больсон” гэсэн бол АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр “Худалдан авах ажиллагааг нууцын зэрэглэлд явуулах шийдвэрийг хэн гаргав. Үүнийг ҮАБЗ мэдэж байсан уу, энэ талаар тэд байр сууриа илэрхийлэх ёстой” хэмээв. МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг томилуулах улс төрийн шийдвэр гаргасныг тус намынхан “Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” гээд Цэц энэ талаар дуугарах ёстой гэж үзлээ.
Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Өглөөнөөс эхлээд хотын агаарын талаар хүмүүс ярилаа. Агаарын бохирдлын эсрэг түр хороог хуралдуулж, яаралтай тайлбар өг гэсэн шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн” гэсэн юм. Түүнчлэн “Ковидын хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой сонсголыг эрх баригчид хийлгэхгүй нь гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Тэгвэл тэрбээр “Даваа гарагт бүлгийн хурлаар энэ талаар хэлэлцсэн. Материал дутуу, судлах цаг хугацаа хэрэгтэй учраас түр хойшлуулах тухай ярьж байгаа. “Нүүрсний хэрэг”-ийн сонсголын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, манай намын хэд хэдэн хүнийг хассан. Одоо бас дарга нь өөрчлөгдөж байна. Бид эдгээр сонсголыг заавал хийхийг шаардах болно” гэлээ.