Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-аас “Доромжлох үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү?” редакторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Улмаар нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй байхыг уриалж, зөвлөмж гарган, УИХ-ын гишүүдэд тараажээ. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТАНАА
Улс орнууд иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, төрийн бодлого шийдвэр, түүний үр дагаврын талаар баталгаатай, найдвартай мэдээлэл авах эрхийг хүндэтгэн хамгаалах үүрэгтэй. Иргэд сонгогчдынхоо мэдэх эрх, шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлах аливаа оролдлого, үйлдэл нь ардчилсан Монгол Улсад байх боломжгүй. Учир нь Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “...хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх” талаар тусгасан.
Гэвч, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Тус төслийн 1-р зүйлийн 2-т зааснаар, Эрүүгийн хуульд “13.15 дугаар зүйл. Доромжлох” гэмт хэргийг нэмж, “1. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Түүнчлэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-д “доромжлол”-ыг Эрүүгийн хуулиар зохицуулахыг зөвтгөж үзэх үндэслэл, тайлбар байсангүй.
- Үзэл баримтлалын 1.1. Хууль зүйн үндэслэлд, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын тайланд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай дурдан, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нийцүүлэх”-ийг тусгасан байна. Харин НҮБ-ын дээрх зөвлөмжид хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахын тулд “доромжлох” үйлдлийг гэмт хэрэгт тооцох агуулга байхгүй;
- Үзэл баримтлалын 1.2. Практик шаардлагад "5. Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт заасан Халдашгүй чөлөөтэй байхын эсрэг зарим төрлийн гэмт хэргийг хуульчлах тухайлбал, Доромжлох, Хүчээр гэрлүүлэх, ... гэмт хэргийн шинжийг өргөжүүлж, олон улсын конвенцид нийцүүлэх шаардлага тулгараад байна" гэж бичсэн боловч энэ талаар үндэслэл, тайлбарыг огт тусгаагүй;
Дээрхээс бид НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар буруугаар буюу урвуулан ашиглаж байна гэж үзэж байна. Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд тусгах гэсэн энэхүү оролдлогыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх нь дараах хор хохирлыг дагуулах бодит эрсдэл буйг эрхэм гишүүн Та анхааралдаа авна уу.
Тодруулбал:
- Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний язгуур эрх, эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах, хясан боогдуулах, урвуулан ашиглах замаар ардчиллын үнэт зүйлсээс ухрах,
- Шүүх хяналтын байгууллагад хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх нэхэмжлэлийг улам өргөжүүлэх замаар үндэслэлгүй, зохиомол хохирол үүсгэх,
- Төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, шударга ёс, эрх тэгш боломжийн талаарх иргэдийн чөлөөт шүүмжлэх эрх, эрх чөлөөнд халдаж, цензур тогтоож, айдас үүсгэх замаар эс үйлдэхүйд хөтлөх,
- Оновчтой үндэслэлгүй, шаардлагагүй хууль тогтоомжоор дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төр хяналт тогтоох, чөлөөт, шударга сэтгүүл зүйг боомилох,
- Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч этгээдийн олон нийтийн эрх ашгийн төлөө бус, нийгэмд хор хохирол учруулах буруутай үйлдлийг ил тод бөгөөд шударгаар шүүмжилсний улмаас үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийнхэнд тулгарах зэрэг эрсдэл үүсэж байна.
Нэг талаас хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, нөгөө талаас шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн идэвхтнүүд айдасгүй, аюулгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нэгэн зэрэг хангах бүрэн боломж бий. Эдгээр үүрэг нь харилцан бие биесээ үгүйсгэх учиргүй. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр “хагас эрх чөлөөтэй” буюу дэлхийн 180 орноос 92 дугаарт эрэмбэлэгддэг. Хагас эрх чөлөөг бүтэн болгох нэг чухал нөхцөл шаардлага нь хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах шаардлагагүй, үндэслэлгүй эрх зүйн олон хязгаарлалтаас ангижрах явдал гэдгийг онцолсон байдаг.
Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүйгээр шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ нь бусдыг доромжлох явдлыг өөгшүүлээгүй бөгөөд энэ асуудлыг Иргэний хуулийн зохицуулалтын дагуу Иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх арга зам нь илүү тохиромжтой гэдгийг олон улсын байгууллагууд сануулсаар байна.
Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийн зөвлөмж”-д “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” хэмээн заасан. Үүнийг баталгаажуулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2021.03.16-ны өдрийн 46/105 тоот тогтоол гарсан байдаг.
Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын тайланд “гүтгэх, доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд тусгах замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах явдал дэлхий даяар нэмэгдэж байна. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байдаг. 2015 оноос манай улсад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо бүрэлдэж, редакц болон иргэн хоорондын зөрчил маргааныг үр дүнтэй шийдвэрлэдэг жишиг загвар бий болсныг Европын Холбоо сайшаан дэмжиж, Зүүн Европ, Төв Азийн улс орнууд сайн туршлага болгон суралцаж байна.
2021 онд Монгол Улсын их хурлаас баталсан “Шинэ Сэргэлтийн Бодлого”-д “...төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ” хэмээн тусгажээ. Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “4.2.10.Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ” хэмээн тусгасан нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоотой уялдаж буйг энд онцолъё.
Иймд хангалттай үндэслэл болон судалгаанд суурилаагүй дээрх хуулийн төслийг өргөн барихдаа олон улсын зөвлөмж, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаагүй, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоотой хэлэлцүүлэг, санал, дүгнэлтийг аваагүй явдлыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарынхан бид эрс шүүмжилж байна. Олон нийт, сонгогчдынхоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт дуу хоолойг хамгаалж “Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар өргөн мэдүүлсэн төслөөс татгалзаж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн алхам хийхийг УИХ-ын гишүүн Танаас хичээнгүйлэн хүсье.
Хүмүүнлэг, энэрэнгүй, шударга, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох нь Улсын Их Хурлын гишүүд та бүхний төдийгүй иргэний нийгэм тэр дундаа хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлч бидний хамтын зорилго билээ. Шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөг улам бататгахын төлөө тус хуулийн төслөөс татгалзана байна гэдэгт гүнээ итгэж байнa.