Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган, Орхон аймагт ажиллав. Тэрбээр иргэдтэй уулзахдаа Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “5Ш” ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтын болон хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, үр дүнгийн талаар мэдээлэл өгч байгаа юм. Мөн 2024 оны төсөвт зайлшгүй тусгуулах саналыг аймаг бүрээс авч байгаа билээ. Орон нутагт орон сууц шинээр барьсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Дархан-Уул, Орхон аймгийн төв, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50, бусад аймагт 90 хувь хөнгөлнө гэдгийг Ерөнхий сайд иргэдтэй уулзахдаа мэдээлсэн. Төсвөөс санхүүждэг 15 аймгийн нэг нь Булган юм байна. Цаашид 2030 он хүртэл өөрийгөө санхүүжүүлэх арга замыг эрэлхийлсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эдийн засгаа хэрхэн томруулах вэ гэдэгт аймгаараа нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал гэдгийг онцлов. Тус аймагт төсвийн хөрөнгөөр хийх төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд эрэмбэлсэн байна. Нийт 37 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйн долоо нь ирэх онд ашиглалтад орох гэнэ. Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон нутагт ажиллах боловсон хүчний талаар хөндөж, залуу малчдыг дэмжих, орон нутагт орон сууцын зээл олголтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгарч буй хүндрэл, малын түүхий эд, мах, сүүний үнийг зохицуулж өгөхийг хүсэв.
Мөн Булган, Орхон аймгийг нэгтгэх, Эгийн голын УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн талаар саналаа хэлсэн байна. Тэдний эрэмбэлсэн саналд үндэслээд Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км, Тэшиг сумын болон Бага Илэнхийн боомт хүртэлх, Бугат сумыг аймгийн төвтэй холбох авто зам, Баян-Агт сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, санхүүжилт Цогт хун тайжийн түүхэн цогцолбор барих зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар болов. Үүний дараа Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж, Баян-Өндөр сумын дахин төлөвлөлтөөр хийж буй 260 айлын орон сууцын хорооллын барилгын явцтай танилцлаа. Уг төслийг Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтын ажиллагааны хүрээнд 27.4 тэрбум төгрөгөөр барьж буй аж. Нийт таван блок барихаас хоёр нь буюу 104 айлын барилгыг ашиглалтад хүлээж авчээ. Бусад нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй яваа аж. Аймгийн ИТХ-аар баталсан Орлогод нийцсэн орон сууцын журмын дагуу 186 айлын орон сууцыг ам метрийг нь 1 952 000 төгрөгөөр худалдах, 70 айлын орон сууцыг дахин төлөвлөлт болон түрээслэх нөхцөлөөр иргэдэд олгох юм байна.
Цаашид Эрдэнэт буюу Баян-Өндөр сумын 10 байршилд 7000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн бохирын гуравдугаар коллекторын бүтээн байгуулалтын ажлын явцыг Орхон аймгийн удирдлагууд танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Орхон аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс энэ тухай санал тавьж, ажлыг эхлүүлсэн, одоо 50 хувьтай үргэлжилж буй юм байна. Уг өргөтгөл шинэчлэлийг хийснээр дэд бүтэц сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулах бодит боломж бүрдэнэ. Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр Ерөнхий сайд “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авсны дүнд энэ онд түүхэндээ анх удаа 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснийг дурдав. Эрдэнэт доторх авто замыг өргөтгөн шинэчлэх, үйлдвэрийн тоос агаар бохирдуулж, иргэдийн эрүүл мэнд хохирч байгааг шийдэх, ус, дулаан, бохирын шугам сүлжээний 45 хувь нь ашиглах хугацаа дууссан учир цогцоор нь шинэчлэх, орон сууц барихдаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжид анхаарах, уурхайн овоолгыг ашигладаг компаниуд, тэр дундаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн асуудлыг нэг мөр шийдэж, төрд буцаан авч, үйлдвэрийн дэргэд ажиллуулж ашгийг нь Орхон аймгийн иргэд хүртдэг болох, Тендерийн тухай хуулийг амьдралд нийцүүлж өөрчлөх, төрийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэр дунд, доод шатанд хэрэгжилт нь тааруу байгаа зэргийг иргэд хөндлөө . Орхон аймгийн иргэдийн саналын дагуу зам засварт шаардлагатай 50 тэрбум төгрөг, автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилт, Дэнж, Оюут багийн нэгдсэн төв байгуулах, “Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэд”-ийн нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, стандарт хэмжил зүйн газрын тоног төхөөр өмжийг шинэчлэх зэргийг Ерөнхий сайд холбогдох сайд, аймгийн удирдлагад үүрэг болгов.