Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг олон нийтэд сануулах, анхааруулга өгөх зорилготой уг өдрийг Дэлхийн зүрхний холбоо 2000 онд санаачилжээ. Манай улсын хувьд уг өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. Эл өдрийг тохиолдуулан Дэлхийн зүрхний холбооноос энэ жил “Зүрхээ таньж, зүрхээ хайрлая” уриалга дэвшүүлжээ. Үүний хүрээнд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны үндэсний төв, Монголын зүрх, судасны эмч нарын нийгэмлэг хамтран иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, ухаалаг сонголтууд хийхэд ньтуслах, зөвлөгөө өгөх цахим уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалт 15.00-18.00 цагт болох бөгөөд “Зүрх судасны төв-Иргэдэд” нэртэй фэйсбүүкийн хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх нь. Энэ үеэр Зүрх, судасны үндэсний төвийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм байна. Түүнчлэн маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдэд зориулсан өдөрлөг болно. 10.00 цагт эхлэх эл өдөрлөгийн үеэр зүрхэн хэлбэртэй маршрут үүсгэж, эмч, мэргэжилтнүүд, иргэд хамтдаа алхаж, гүйж, дугуй унах гэнэ.
Ташрамд дурдахад, манай улсын хүн амын эндэгдлийн шалтгаануудыг 1990 оноос хойш зүрх, судасны өвчин тасралтгүй тэргүүлж байна. Энэ төрлийн өвчлөлийн улмаас өдөрт 15-17, жилд 5500-6000 хүн нас бардаг аж. Зүрх, судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлдэг.
Бэлтгэсэн: М.Оч