Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй учраас тэрбээр танхимын гишүүдийнхээ хамт ийнхүү орон нутагт ажиллаж, иргэдийн саналыг сонсож буй юм. Иргэдтэй уулзах үеэрээ тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгон, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг онцолжээ. Мөн “Манай улсын эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаардаг бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, нүүрсний худалдааг цахимжуулан, үнийг ил тод болгосноор валютын нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого баталсан дүнгээсээ 1.7 их наяд төгрөгөөр давлаа” гэсэн мэдээллийг Ерөнхий сайд өгчээ. Цаашид “Шинэ сэргэлтийн таван цагариг”-ийг хэрэгжүүлснээр бүсчлэн хөгжүүлж, аймгуудыг хооронд нь болон боомтуудыг авто замаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэх аж.
Хөвсгөл аймгийн 600 гаруй иргэн уулзалтад оролцжээ. Тус аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлсэн байна. Мөн 137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулан индексжүүлэх, малын эмч бэлтгэхэд бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын төсвийг шийдэх, Ханх-Хатгалын чиглэлд хатуу хучилттай зам тавих тухай санал, хүсэлт гаргав. Аймгийн ИТХ-аас байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн, Ханх-Хатгалын чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах, дулааны станцыг өргөтгөх санал гаргасныг Ерөнхий сайд дэмжив. Түүнчлэн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр, Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.