Дорноговьд шилжин ирж ажиллах эмч, эмнэлгийн салбарын ажилтнуудыг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаа тус нутгаас сонгогдсон гишүүд зарлаад буй. Улмаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгтэй байгаа нарийн мэргэжлүүдэд сонгон шалгаруулалт зарлаж, 10 эмчтэй гэрээ байгуулахад бэлэн болжээ. Тэд, зүрх судасны, дуран, компьютер томограф, жирэмсний эмгэг, цээжний мэс засал, хавдрын гээд нарийн мэргэжлийн эмч нар юм.
Тэдэнд мэргэжлийн шаардлагаас гадна Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах болзол тавьжээ. Ингээд таван жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан эмч мэргэжилтэн түрээсийн орон сууцаа бүр өмчилж авна.
Түүнчлэн өчигдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг үр бүтээлтэй 30-35 жил ажилласан сувилагч, асрагч нар тохилог орон сууцад амьдрах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, 10 сувилагч, асрагч, дөрвөн эмч байртай болох нь. Нэгдсэн эмнэлэгт олгосон түрээсийн орон сууцын 14 квотыг байгууллагаараа хэлэлцэж, олонхыг нь насаараа эмнэлэгтээ ажилласан сувилагч, асрагч нарт олгож, дөрвийг нь нарийн мэргэжлийн эмч нарт хуваарилжээ. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 340 гаруй эмч мэргэжилтнүүд ажилладаг аж.