“Нийтээрээ сэтгэцээ шалгуулах цаг болжээ” гэж нийгмийн сүлжээнд иргэд байнга бичих болсон. Үнэхээр л өдөр тутам, зарим үед цаг цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээний “өнгө төрх” бидэнд оношилгоо хэрэгтэйг алхам тутамд сануулах шиг болдог. Харин салбарын яам болон холбогдох бусад байгууллагынхан үүнийг хараагүй, мэдээгүй мэт явсаар багагүй хугацаа өнгөрчээ. Уг нь тэд үүнийг олон талаар судалж, тодорхойлж, улмаар арга хэмжээ авч, тусламж, үйлчилгээ хэрэгтэй хэсэгт нь хүрч ажиллах ёстой. Ийм хугацаа ч байсан. Бас төсөв хөрөнгө ч гаргаж болохоор байж. Ялангуяа иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилготой, Засгийн газрын тусгай сангаас үүнийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломж байжээ. Харамсалтай нь, тэр боломж хэдийн алдагдчихаж.
ОДООГИЙН БАЙДЛЫГ 10 ЖИЛИЙН ӨМНӨХӨӨР ТОДОРХОЙЛЖ БОЛОХ УУ
Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), тухайн үеийн нэршлээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран 2013 онд “Сэтгэцийн эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйл, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тандалт” үндэсний хэмжээний судалгаа хийжээ. Манай улсад одоогоор хамгийн сүүлд, үндэсний хэмжээнд хийсэн, сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа нь энэ. Монгол Улсын хүн амын дунд сэтгэл түгших эмгэг 18.4, нойрны эмгэг 17.5 хувьтай байгааг уг судалгаагаар тогтоосон байдаг. Тодруулбал, таван хүн тутмын нэг нь сэтгэл түгших, 15 хүн тутмын нэг нь архинд донтох, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй зэрэг дүгнэлтийг дээрх судалгааны үр дүнд гаргажээ. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын одоо хүртэл ашигладаг, баримталдаг гол үзүүлэлт нь эл судалгааны үр дүн л байна. Яагаад гэвэл тэдэнд өөр хэлэх “тоо” байхгүй.
2013 оноос хойш гэхээр манай улс иргэдийнхээ сэтгэл зүйн байдалд “дүн тавихгүй” явсаар яг 10 жил болж байна гэсэн үг. Тиймээс л албаныхан, холбогдох мэргэжлийн байгууллагууд нь одоо ч иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд 10 жилийн өмнөхөөр хандаж, “дүн тавьж” суугаа нь байж болох хэрэг мөн үү. Өнгөрсөн хугацаанд техник, технологийн хөгжил, ялангуяа олон нийтийн сүлжээний хэрэглээ огцом өсөж, монголчуудын амьдралд гүн нэвтэрсэн гэхэд болно. 10 жил байтугай сар, өдөр, цагаар нийгмийн амьдрал өөрчлөгдөж, тэр хэрээр иргэдийн оюун санаанд ч томоохон “нүүдэл суудал” өрнөж байгаа. Ялангуяа хоёр жил гаруйн турш “Ковид-19” цар тахал, түүнээс үүдэлтэй хязгаарлалтын дэглэмүүд нийт хүн амыг хамарсан. Тэр нь бидэнд ямар “толбо” үлдээсэн бэ гэдэг нь ч анхаарал татна. Энэ бүхнийг тодорхойлоогүй байж “Монголд архинд донтох эмгэгтэй 93 000 хүн бий” гэх мэтээр 2013 оны үзүүлэлтүүдээ одоо ч ярьсаар байгааг оновчгүй хэмээн тодорхойлохоос өөр аргагүй. Ганцхан жишээ дурдахад, 10 жилийн өмнө манай улсын хүн ам 2.8 сая байсан. Харин одоо 3.4 сая болж, 600 000 гаруйгаар өсчихөөд байна.
ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОЛОМЖ АЛДАГДЖЭЭ
Өмнө дурдсан судалгааг хийхэд Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-гаас 2013 онд 90 саятөгрөг зарцуулжээ. Тэгвэл үүнээс хойш ЭМДС-гийн хөрөнгөөр дахиад л ийм судалгаа хэд хэдийг ч хийж болох байж. Тогтмол хугацаанд биш юм гэхэд ядаж л 2-3 жил тутамд нэг удаа “дүн тавьчихаж” болохоор хөрөнгө ЭМДС-гаас “урссан” байгаа юм. Ерөөсөө ЭМДС-гийн нэг зорилго нь“Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах” гэж Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг зохицуулах журамд тодорхойлсон. Эл зорилгын хүрээнд дээрх сангаас сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нэрийн доор багагүй хөрөнгө гаргасан байна. Тухайлбал, ЭМДС-гаас сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахтай шууд холбогдсон 40 гаруй төсөлд нэг тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Үүнээс гадна сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахтай дам байдлаар холбогдох төсөл ч цөөнгүй. Харамсалтай нь, тэдгээрийн ихэнх нь үнэхээр хийсэн, эсэх нь, улмаар үр дүнд хүрсэн, үгүй нь төдийлөн мэдэгдэхгүй хурал, зөвлөгөөн, сургалт л байна.
ЦААСАН ДЭЭР “БАЙГУУЛСАН” ТӨВҮҮД
ЭМДС-гаас өнгөрсөн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зарцуулсан тэрбум орчим төгрөгийг ер нь юунд зориулсан бэ. Үнэхээр зорилгодоо хүрч чадсан уу гэдгийг тодруулахын тулд жишээ дурдъя. Аймаг, дүүрэгт Сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх гэр төв байгуулах төслийг Дархан-Уул, Хөвсгөлд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг нь ЭМДС-гаас гаргажээ. Эл төслийг санаачлан хэрэгжүүлэгч нь ЭМЯ байсан аж. Бас дээрх төслийг хоёр аймагт амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн байна. Тэгвэл өдгөө уг хоёр аймагт Сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх гэр төв үйл ажиллагаа явуулж буй, эсэхийг тодрууллаа. Дархан-Уулын Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийнхэн “Эрүүл мэндийн газарт одоохондоо ийм төв алга. Харин Ахмадын хөгжлийн төв үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн эмнэлэгт Сэтгэцийн тасаг бий. Харин гэр төв гэж байхгүй” хэмээн хариулсан юм. Хөвсгөл аймгийн холбогдох байгууллагынхан ч бас Сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх гэр төв, кабинет байгуулаагүй гэдгийг хэллээ.
Цаасан дээр “байгуулсан” ч бодит байдалд үйл ажиллагаа явуулдаггүй бас нэг газар нь Боловсролын байгууллага дахь сэтгэцийн зөвлөгөө өгөх загвар төв аж. Ийм төв байгуулах төслийг мөн ЭМДС-гаас санхүүжүүлжээ. Уг төслийг бас л амжилттай хэрэгжүүлсэн гэж дээрх сангаас үнэлж, дүгнэсэн байна. Хэрэгжүүлэгч нь ЭМЯ, СЭМҮТ байсан гэнэ. Гэсэн ч ийм төв одоо байхгүй. Ер нь байгуулсан, эсэх нь ч тодорхойгүй. Энэ мэтээр л ЭМДС-гийн хөрөнгө алдагдаж ирсэн байгаа юм.
ХУУЛЬ БАТЛААД Ч ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ
Манай улс уг нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай. Өмнө дурдсан үндэсний хэмжээний судалгааг хийсэн жил буюу 2013 онд уг хуулийг шинэчлэн найруулж, хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ түүнээс хойш хуульд “салхи оруулаагүй” өдий хүрсэн байна. Бодит байдалд төдийлөн хэрэгжүүлээгүй, үр дүн нь ч гараагүй “цааснуудын” нэг нь эл хууль. Улмаар хэрэгжүүлэхгүй байсаар үеэ өнгөрөөж, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангахаа больжээ. Тийм учраас уг хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсныг Эрүүл мэндийн сайд байсан С.Энхболд өнгөрсөн онд хэлсэн юм. Тэрбээр “Хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан сэтгэцийн эмгэгийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж байлаа. Мэдээж сэтгэцийн эрүүл мэндийн салбараа манай улс бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа. Үүний тулд бидэнд “тулах цэг” хэрэгтэй. Тэр нь нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг оношлох байж болох юм. Улмаар түүнийхээ үр дүнд тулгуурлан цаашид ямар ажлууд хийвэл оновчтойг тодорхойлох боломжтой. Татвар төлөгчдийн мөнгийг урсгаад л байдаг хэрнээ хийсэн ажлууд нь бодит байдалд төдийлөн үлдээгүй ЭМДС-гийн санхүүжилтийг ийм зүйлд зарцуулбал яасан юм бэ. Эс тэгвээс ЭМЯ болон харьяа байгууллагууд нь эл сангийн хөрөнгөөр “тоглоод” дуусах нь.