АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны “Лиш” дээд чуулганыг энэ сарын 25-нд хийхээр болжээ. Үүгээр тус холбооны одоогийн тэргүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг чөлөөлж, орны хүнийг нь сонгох юм. Энэ тухай АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй удирдлага нь өчигдөр мэдээлэл хийв. Мөн 15 дэд даргынхаа хариуцаж буй чиг үүргийг танилцуулж, “АН-ын удирдлагын баг сүүдрийн Засгийн газар шиг ажиллаж эхэлсэн” гэлээ. С.Баярцогт “Бид жендерийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч байгаа. Манай удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэй. Цаашид намын дотоод үйл ажиллагааг шилэн, ил тод байлгах, АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ танилцуулах үүднээс энэ сарын 23-нд шууд мэтгэлцээн зохион байгуулна” гэсэн юм.
2016 оноос хойш АЭХ-г удирдаж буй УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнгөрсөн зургадугаар сард уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Тэрбээр шинэ, залуу үеэ дэмжих, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү халаагаа өгч буйгаа тайлбарлав. АН-ын гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаа “Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай улс “гажуудсан ардчилалтай” гэсэн ангилалд орсон. Үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө суларч, шүүхийн хараат бус байдал алдагдсан. Сонгууль шударга болохгүй байна. Тиймээс гажуудсан ардчиллыг засах, сэргээхийн тулд АН олон улсын байгууллагууд, гадаад орнуудын улс төрийн намуудтай хамтарч ажиллана” гэлээ.
Сэтгүүлчид С.Баярцогт даргын нэр холбогдоод, шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар асуухад тэрбээр “Энэ асуудлаар шүүхийн бүх түвшнээр яваад, хилс хэрэг байсныг тогтоосон. Намайг зөвхөн Монголд шалгаагүй. Швейцар, Австрали, Хонконгод ч шалгуулсан. Анхан шатны шүүхэд биднийг ялласан шүүгч, мөн энэ хэргийг шүүсэн, хянасан нийслэлийн прокурор авлигын хэргээр ял авсан. Эрх мэдлийн хонгил гэж ярьдаг, ялын бодлогоо тохиролцдог тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн нь бодитой. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэвэл би баяртай байна. Миний эсрэг хэн, ямар үйл ажиллагаа явуулсан нь ил тод болно. Үнэндээ миний эсрэг үйл ажилагааг манай хуучин Ерөнхийлөгчийн зүгээс л хийдэг шүү дээ. Гэвч Үндсэн хуулиар ижил тэнцүү эрхтэй гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал нэгнээ шүүгээд эхэлбэл ардчилал үгүй болно. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хандсан юм билээ. Цэцээс “Шүүх хууль зөрчөөгүй байна” гэж үзсэн. АН-ын хурал, үйл ажиллагаа идэвхжих үед иймэрхүү дайралт ихэсдэг. Би цаашид сошиал хаягуудаа идэвхтэй ашиглаж, асуудал гарах бүрт хариу тайлбараа өгч байх болно” хэмээн хариулав.