Манай улсад хеликобактерийн тархалт жилээс жилд нэмэгдэж буй нь эрүүл мэндийн салбарынхны тулгамдсан асуудал болжээ. Хеликобактерийн тархалтыг бууруулахад иргэн, айл өрх, албан байгууллага бүр анхаарч, үр дүнтэй ажлууд зохион байгуулахыг салбарын олон эмч, мэргэжилтэн хөнддөг. Үүний хүрээнд шийдвэр гаргагчид ч оновчтой бодлого боловсруулан, нийгэмд чиглэсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэх цаг болсныг ч тодотгож байна. Ялангуяа ирээдүй хойч үеэ энэ халдвараас сэргийлэх, тэднийг эрүүл мэндийн боловсролтой болгох нь чухал байна.
Ц.БЯМБАЖАВ: НЭГ СУМЫН 50 ИРГЭНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД 49 НЬ ХЕЛИКОБАКТЕРИТАЙ БАЙСАН
АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Монгол, Японы эмнэлгийн Дурангийн болон хоол боловсруулах эрхтэн судлалын амбулатори үйлчилгээ, тасгийн эрхлэгч Ц.Бямбажавтай хеликобактерийн судалгаа болон тархалтын талаар ярилцлаа.
-Манай улсын хүн амын дунд хеликобактерийн тархалт ямар түвшинд байна вэ?
-Дэлхий дахинд хоёр хүн тутмын нэг нь хеликобактеритай буюу 50 хувь нь халдвартай байна гэж үздэг. Манай орны хувьд нийт хүн амын дунд тархалтын судалгаа хийж чадаагүй. Зөвхөн эмнэлэгт хандан үйлчлүүлж буй, хоол боловсруулах эрхтний ямар нэгэн зовуурьтай хүмүүсийн дунд тархалтыг судалсан. Тэдний 80-90 хувь нь хеликобактеритай байна. Энэ нь ихэнхдээ шүлсээр халдварладаг. Бас ус, ялангуяа бохир тогтоолд удаан хугацаагаар амьдардаг гэж үздэг. Үүнд орчны бохирдол бас нөлөөлж байна. Орон нутагт ч тархалт өндөр байгаа. Саяхан нэгэн сумд 50 иргэнийг үзлэгт хамруулахад 49 нь хеликобактеритай байсан. Харамсалтай нь, тэднээс нэг нь ч эмчилгээ хийлгээгүй байсан юм.
-Халдвар өндөр байгаа нь юунаас шалтгаалж байгаа бол?
-Манай тэнхимийнхний хийсэн судалгаагаар зөөврийн ус хэрэглэдэг гэр хорооллын хүүхдүүдийн дунд тархалт ихэссэн байна. Тийм учраас усны саваа тогтмол угааж, цэвэрлэх, ариутгаж сурах нь чухал. Мөн нүхэн жорлон болон орчны бохирдлоо шийдвэрлэх хэрэгтэй. “Ковид”-ын үеэр бүгд гараа угааж, амны хаалт зүүж сурсан. Үүнтэй адил хувь хүн гараа сайн угаадаг байх, хоолны газрууд аяга, тавгаа сайн ариутгах шаардлагатай.
-Хеликобактерийн хоруу чанарын талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ нь ходоодны идэвхтэй үрэвсэл, шарх, хоргүй, хортой хавдрын үндсэн шалтгаан болдгийг 1994 онд Дэлхийн хавдар судлалын академиас зарласан. Мөн ходоодыг гэмтээхээс гадна төмөр дутагдлын цус багадалт, цус бүлэгнүүлэх зэрэг бусад эрхтэн системийн маш олон хямралд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Дэлхийн хавдар судлалын академиас жил бүр судалгаа хийдэг. Уг судалгаагаар манай улс хавдрын өвчлөлийн тохиолдол, нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Япон, Өмнөд Солонгос улс өвчлөлийнхөө тохиолдлоор хоёр, гуравдугаарт бичигдэж байна. Харин эдгээр оронд нас баралтын үзүүлэлт бага. Учир нь эрт үед нь оношилж, дурангийн аргаар эмчилж, эдгээдэг туршлагатай. Хавдрын үндсэн шалтгаан болдог хеликобактерийг аль болох эрт илрүүлж, эмчлэх ёстой. Ингэж эмчилж чадвал ханиад, томуунаас ч хурдан буюу 10-14 хоногт устдаг. Эмчилсний дараа дахин халдвар авахгүй байхад анхаарах хэрэгтэй. Насанд хүрэгчдийн хувьд ийм асуудал харьцангуй бага. Харин хүүхдүүд халдвар дахин авах тохиолдол өндөр байна.
-Дахин халдвар авахгүйн тулд юуг анхаарах вэ?
-Хэрвээ бактери илэрсэн бол эмчийн зааврын дагуу эм уух хэрэгтэй. Гэр бүлээрээ хамт эмчлүүлэх, амьдралын хэв маягаа өөрчлөх, эмчилгээ хийлгэсний дараа хеликобактери устсан, эсэхийг шалгуулдаг байх ёстой. Мөн аль болох архи, тамхи хэрэглэж болохгүй. Эмчилгээний хугацаанд ходоодны хүчил ихэсгэдэг хоол хүнсийг хэрэглэвэл бактери төдийлөн устахгүй. Мөн 18-аас дээш насныхан жил бүр шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй ээжүүд эрүүл байх ёстой. Гэр бүл төлөвлөж байгаа залуус хариуцлагатай болжээ. Тэд хүүхэд төрүүлэхээс өмнө бактериа илрүүлж, устгуулахыг чухалчилдаг болсон. Гэхдээ бүгд тийм биш. Мөн албан байгууллагууд ч бүх ажилтнаа шинжилгээнд хамруулж, хоолны газрынхаа аяга, тавгийг угааж, ариутгахад анхаарах нь чухал. Улсын хэмжээнд нэн тэргүүнд иргэдэд чиглэсэн бодлогын кампанит ажлуудыг зохион байгуулахгүй бол бид илрүүлээд, эмчлээд, эдгээгээд байгаа ч үр дүнд хүрдэггүй. Хүмүүс дахиад л халдвар авчихаад байна. Өөрөөр хэлбэл, тархалтыг зогсоож чадахгүй байгаа гэсэн үг. Бас эмнэлэг бүр өөр өөрийн арга барилаар эмчилж байгааг эмх цэгцтэй болгох нь зөв. Зарим орон иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулдаг нь үр дүнтэй санагддаг.
-Сүүлийн жилүүдэд үүнийг эмчлэхэд чиглэсэн ямар шинэ арга, технологи нэвтрүүлсэн бол?
-Бактерийг илрүүлж, эмчилж байх үед стандарт гурвал эмчилгээний үр дүн сайн байсан. Харин 2000 оноос уг бактери антибиотикт тэсвэртэй болж, эмчилгээний үр дүн 60-70 хувь болтлоо буурсан юм. Ялангуяа манай улс антибиотикт тэсвэржилт өндөртэй оронд багтаж байгаа. Жишээ нь Японд хеликобактерийн тэсвэржилт бага, долоо хоногийн эмчилгээ бичдэг. Гэтэл манайд эмчлүүлэгч дөрвөн эмийг 14 хоног ууж байна. Бас манай нөхцөлд ингэж эмчлэх нь хэцүү. Эмийн гаж нөлөө илрэх, эмчлүүлэгч уухаа мартах гээд олон асуудал тулгардаг. Сүүлийн жилүүдэд хоёр л эмчилгээ илүү үр дүнтэй гэж олон улсад үзэж буй. Үүний үр дүн 90 гаруй хувьтай байгаа. Гэхдээ эдгээр эмчилгээний олон улсын удирдамж хараахан гараагүй байна.
-Уламжлалт эмчилгээний аргаар хеликобактерийг устгаж болох уу?
-Уламжлалт аргаар вирусийг устгана гэж байхгүй. Энэ талаар судлаагүй. Харин өвдөөгүй үед маш сайн сэргийлж чадна.
Хоолны газруудыг зөвхөн нэг удаагийн аяга, таваг хэрэглэдэг болгожээ
Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар Европын орнуудад усан сан болон усан оргилуураас халдвар дамжиж байна гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь уг бактери голдуу усан дотор үрждэг гэнэ. Япон Улсад хийсэн судалгаанаас үзэхэд ээжүүд бага насны хүүхдээ хооллохдоо халууныг нь шалгадаг. Энэ нь халдвар дамжих бас нэг хүчин зүйл болж байна гэж үзжээ. Тэгвэл Тайваньд хеликобактерийн халдварыг бууруулсан сайн жишээ байна. Тодруулбал, шийдвэр гаргагчид нь бүх хоолны газарт стандартын шаардлага хангасан автомат болон дамжлагат угаалгын систем нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн аж. Мөн жижиг хоолны газруудад зөвхөн нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ, савх хэрэглэдэг болгосноор уг бактерийн тархалтыг бууруулжээ.
Амьсгалын сорилоор 50-108 мянган төгрөгөөр тодорхойлж байна
Манайд хеликобактерийн шинжилгээг голдуу амьсгалын сорил, өтгөнөөр илрүүлдэг аж. Эдгээрээс амьсгалын сорил нь илүү нарийвчлалтай хариу гаргадаг гэнэ. Шинжилгээ өгөхөөс өмнө хийжүүлсэн ундаа уугаагүй, өлөн байх ёстой. Мөн сүүлийн нэг сар эм уугаагүй байх шаардлага тавьдаг. Хувийн лаборатори болон улсын эмнэлгүүдэд дээрх шинжилгээний үнэ ямар ялгаатайг тодрууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хеликобактерийн шинжилгээг зөвхөн амьсгалын сорилоор авч байгаа аж. Үүнийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй тодорхойлдог юм байна.