Манай улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор парламентад 126 гишүүн сонгохоор болсон. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, томоохон өөрчлөлт оруулж буй учир наана нь бэлдэх ажил ундарч байгаа аж. Төрийн ордондоо өнөөх олон гишүүнээ туслах, зөвлөхтэй нь хэрхэн багтаахаас гадна ажлын дэг, соёл, зохион байгуулалтаа яаж оновчтой хийхэд анхаарч буй юм. Улмаар ардчилал, парламентат ёс төлөвшсөн улс орнуудын туршлагыг судалж эхэлжээ.
Бундестагийн гишүүд Холбооны хуулиудаа батлахаас гадна Засгийн газартаа хяналт тавьж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, тэнд сөрөг хүчний үүрэг, нөлөө их, нэр хүнд ч өндөр учраас парламентын “гол дүр” болдог.
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэргүүтэй хүмүүс энэ талаар туршлага судлахаар ХБНГУ-д ажилласан байна. Тус улсаас сурах юм бидэнд их бий. Түүхэндээ анх удаа парламентын бүрэлдэхүүнийг ийнхүү өргөтгөж байгаа нь эрх мэдлийн тогтолцоог задлах зорилготой. Сүүлийн хоёр удаагийн сонгуулиар нэг нам үнэмлэхүй олонх болж, тогтолцооны “гажуудал” үүсээд байна. Үүнийг задлахын тулд хүчтэй сөрөг хүчин шаардлагатай. Энэ орон зайг АН, ХҮН, эсвэл бүр таамаглалд багтаагүй гуравдагч хүчнүүдийн эвсэл ч эзэлж болно. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хоёр ч бүлэгтэй болохыг үгүйсгэхгүй. Харин тэдний эрх мэдлийг хуулиар дэмжих, “өөд татах” хэрэгцээ манайд бий.
БУНДЕСТАГИЙН ХЯНАЛТЫН ЭРХ
ХБНГУ-ын парламент болох Бундестаг 2021 оны сонгуулийн дүнгээр таваас дээш хувийн босго давсан зургаан намын төлөөлөл бүхий 709 гишүүнтэй ажиллаж буй. Сонгуулиар хамгийн олон санал авсан Социал демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан нам хамтран Засгийн газраа байгуулжээ. Үлдсэн гурван нам нь Германы парламентын сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бундестагийн гишүүд Холбооны хуулиудаа батлахаас гадна Засгийн газартаа хяналт тавьж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, тэнд сөрөг хүчний үүрэг, нөлөө их, нэр хүнд ч өндөр учраас парламентын “гол дүр” болдог. Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох замаар Бундестаг хяналтаа хэрэгжүүлдэг юм байна. Улсын төсөв батлахад гол үүрэг гүйцэтгэдэг байнгын хороодыг сөрөг хүчнийхэн тэргүүлэх зохицуулалтыг тэд мөрддөг. Тодруулбал, Төсвийн байнгын хороог Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл даргалдаг гэнэ. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд бүх намын төлөөллөөс бүрдсэн Хяналтын дэд хороо хяналт тавина. Үүнийг мөн л сөрөг хүчний төлөөлөл удирдана. Санхүүгийн байнгын хороог ч сөрөг хүчнийхэн тэргүүлж байна.
Тэд байнгын хороодынхоо бүтцийг Засгийн газрынхтайгаа уялдуулж хийдэг. Сөрөг хүчний төлөөллийг байнгын хороодод оруулахдаа ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулдаг юм билээ. Нэг нам давамгайлах биш, олонхын суудал авсан нь төрийн эрхээ барьж, цөөнх түүнд нь хяналт тавьж, чиглүүлснээр хамтын, зөв бодлого баталж чадна. Сөрөг хүчний энэ гол үүрэг, ач холбогдлыг ардчилсан парламент төлөвшсөн улс орнуудад ингэж л үнэлдэг байх нь.
“УНТАЖ” БУЙ ХҮМҮҮС
Монгол Улсын парламентын түүхэнд МАН, АН гэдэг хоёр нам ээлжлэн төрийн эрх барьсаар ирэв. 33 жилийн хугацаанд МАН нийт дөрвөн удаа буюу 1992, 2000, 2016, 2020 оны сонгуульд үнэмлэхүй олонхын суудал авч, ялалт байгуулан, төрийн эрхийг барьж буй юм. АН-ынхны хувьд 1996 оны сонгуульд МҮАН, МСДН, Ногоон намын “Монголын ардчилсан холбоо” эвсэл байгуулан оролцож, 50 суудал авснаар анх удаа Засгийн газраа бүрдүүлсэн түүхтэй. 2012- 2016 оны парламентад АН дангаараа 34 суудал авч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулан ажилласан. Харин 2004, 2008 оны сонгуулиар МАН, АН-ын хэн нь ч үнэмлэхүй олонх болоогүй учраас хамтарсан Засгийн газар байгуулж, төрийн эрхийг “хуваалцан” барьсан байдаг.
Эндээс харахад МАН хоёр, АН дөрвөн удаа парламентын сөрөг хүчний үүрэг гүйцэтгэжээ. 2012 оны сонгуулиар парламент дөнгөж бүрдсэний дараа Өвөрхангай аймгийн X тойргийн сонгуулийн дүнг эсэргүүцэж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан тэргүүтэй МАН-ын туршлагатай улстөрчид чуулганы танхимын үүдэнд лоозон бариад “сандалтай суулт” хийж байв. Энэ нь тухайн үедээ МАН-аас хийсэн сөрөг хүчний акц байлаа. Үүнээс өөрөөр МАН-ынхныг сөрөг хүчин гэж “мэдэрсэн” тохиолдол бараг үгүй, тэгж харахад олон нийт ч дасал болоогүй байна. Харин дөрвөн удаа “өвдөг шороодсон”- оороо АН-ынхан энэ дүрийн эзэн болоод буй юм. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд дараалан “навс” ялагдсан болохоор хүссэн ч, хүсээгүй ч сөрөг хүчин, цөөнх болж үлджээ. Хоёр удаа төрийн эрх барихдаа тэд эхнийхэд нь бусад намтай эвсэл байгуулж сонгуульд оролцсон, удаахад нь зөвхөн 34 буюу илүү олон суудал л авсан юм. Үнэмлэхүй олонхын ялалт авч, МАН-ын зиндаанд хүрэх боломжийг сонгогчид тэдэнд олгож байсангүй. Нөгөө талаар сонгогчдоос тэр хэмжээний итгэл, үнэлгээг энэ нам авч чадсангүй.
Засгийн эрх баригч намаас есхөн гишүүнтэй болж хоцорсон 2016 оны сонгуулиас хойш АН дотроо өөдөлж завдахгүй явна. Долоон жилийн хугацаанд хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадаагүй хэмээн тэднийг шүүмжилдэг. Эрх баригчдын бурууг шүүмжилж, чиглүүлэх нөлөө үзүүлж ч чадсангүй, урсгалаараа хөвж, хааяа нэг сулхан “гоншигонох”-оос хэтрэхгүй байна. Нам нь дотооддоо талцаж хуваагдсан, гишүүд нь хүсэл тэмүүлэл, итгэлээ алдсан гээд тэднийг “өрөвдөх” шалтгаан бий. Гэвч нөгөө талаар манай улсад сөрөг хүчний эрх мэдэл, үүрэг нөлөөг дэмжих, ач холбогдлыг нь үнэлэх хууль, эрх зүйн зохицуулалт бий бил үү. Энэ өнцгөөс нь харвал хөөрхий сөрөг хүчнийхэнд “унтах”-аас ч өөр сонголт байхгүй мэт. Сөрөг хүчинд эрх мэдэл олгосон ганц хоёрхон хуулийн заалт л байдаг аж. Улсын их хурлын тухай хуульд Төсвийн зарлагын хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийнхэн даргалахаар тусгасан.
Үүний дагуу тус дэд хороог АН-ын гишүүн Б.Пүрэвдорж удирдаж буй юм. Тэгвэл парламентаас өнгөрсөн сарын 7-нд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлахдаа сөрөг хүчнийхэнд нэг дэд хороо нэмж “өгчээ”. Уг хуулийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын болон Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно” гэсэн байгаа юм. Гэхдээ уг заалтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Тэр хүртэл Сонгогчийн нэрс, бүртгэлийн хяналтын дэд хороог МАН-ын гишүүн Г.Ганболд даргалж буй. Он гарсны дараа түүнийг сольж, цөөнхийн бүлгээс орны хүнийг сонгоно гэсэн үг.
Мөн бүлэг байгуулах хэмжээний буюу наймаас дээш гишүүн нь парламентад сонгогдсон нам УИХ-ын дэд даргын албан тушаалд хүнээ томилуулдаг. Үүний дагуу АН-аас С.Одонтуяа дэд дарга болсон ч үнэндээ “хүрд эргүүлж”, хуралдаан даргалах боломж түүнд ганцхан л удаа олджээ. 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн чуулганыг С.Одонтуяа даргалсан нь энэ парламент дахь сөрөг хүчний дэд даргын ч, эмэгтэй хүний хувиар ч анхны тохиолдол болсон билээ.
Парламентат ёс төлөвшсөн орнууд сөрөг хүчиндээ ажил, үүргийн тодорхой эрх мэдэл олгодгийг Герман улсын жишээнээс манай УИХ-ын Тамгын газрынхан судалсан байна. Одоо тэгвэл энэ мэт зөв жишгийг нь бодитойгоор хэрэгжүүлэх учиртай. Парламентын хяналтын тогтолцоон дээр илүү эрх мэдэлтэй болгоод өгвөл сөрөг хүчин ажлаа сайн хийх урам зориг, сэдэл авна. Тэр хэрээр парламентаас батлах хууль ус багатай болж, хөрсөн дээр бууна. Ийм дэмжлэггүйгээр, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй сөрөг хүчин далайцтай ажиллах амаргүй. Тэднээс үр дүн нэхэх нь ч учир дутагдалтай. Ажлаа хийж чадахгүй байна хэмээн яаран чичлэхийн оронд ирээдүйн сөрөг хүчнээ эрх зүйн орчноор дэмжиж, сөрөх орон зайг нь хуулиар баталгаажуулж өгье. Сөрөг хүчин нь “гол дүр” байдаг, тэгж үнэлдэг хууль, эрх зүйн орчинтой нөхцөлд арай өөр үр дүн гарна, илүүг шаардаж ч болно.