Завхан аймгийн Яруу сумд энэ сарын 19-20-нд шилжих шөнө тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Өвчилсөн байж болзошгүй иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарчээ. Оношийг баталгаажуулах зорилгоор молекул биологийн шинжилгээ хийх бөгөөд хариу нь өнөөдөр 20.00 цагийн үед гарахыг дээрх төвийн дэд захирал Б.Амгаланбаяр хэллээ. Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Тухайн иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн байж болзошгүй гэж үзээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд тандалт, судалгаа хийсэн. Тухайн хүн нохой зууж ирсэн тарваганы махыг идсэн юм билээ. Ер нь тарвага нохойд бариулах тохиолдол тун цөөн. Өвчилсөн, бие нь сульдсан тарвага л бариулна. Үүнийг мэдээгүйн улмаас тухайн иргэн махыг нь идэж, улмаар халдвар авсан байж болзошгүй” гэв.
Эл нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралджээ. Халдвар авсан байж болзошгүй иргэн аймгийн төвд ирж, овооны тахилгад оролцсон тул ойрын хавьтлын хүн нь нэлээд олон байх магадлалтай гэнэ. Хавьтлуудыг тогтоох ажил өчигдөр үргэлжилж байв. Түүнчлэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Улиастай, Яруу сумд зургаа хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тарваган тахал өвчний нууц үе нь зургаа хоног учраас ийнхүү шийдвэрлэсэн байна. Эл шийдвэртэй холбоотойгоор МИАТ компаниас энэ сарын 21, 23, 25-нд товлосон Улиастайн чиглэлийн нислэгээ цуцлахаа өчигдөр мэдэгдлээ.
Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улсад дөрвөн хүн тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан. Дээрх иргэний шинжилгээний хариу эерэг гарвал тав дахь тохиолдол нь болох юм. Завхан аймгийн тухайд өмнө нь 2020 онд Тосонцэнгэл сумд тарваган тахал бүртгэгдэж байжээ.
Бэлтгэсэн: М.Оч