Иргэний зориг ногоон намаас даргаараа Б.Батбаатарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг өчигдөр Дээд шүүхэд гурав дахь удаагаа гаргасан байна. Өмнөх хоёр удаагийн хүсэлтийг нь “Танай намын дүрэмд даргаа их хурлаараа сонгохоор заасан байна” гээд Дээд шүүхээс буцааж байсан юм. Үүнд нь ИЗНН- ынхан “Манай намын 2018 оны нэгдүгээр сарын 27-ны Үндэсний хорооны хурлаар “Намын дарга нас барсан, өөр ажилд шилжсэн, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орны хүнийг Үндэсний хорооноос сонгоно” гэсэн өөрчлөлтийг дүрэмд оруулсан. Үүнийг Дээд шүүх бүртгэж авсан атал өөрсдийнхөө эсрэг хариу өгөөд байна” гэсэн тайлбар тавьж байв. Гэвч даргаа албан ёсоор бүртгүүлэхгүйгээр тэд ирэх сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс “бууж өгч”, энэ сарын 9-нд их хурлаа хийн, Б.Батбаатарыг намын даргаар сонгон, баталгаажуулж, улмаар бүртгүүлэх хүсэлтээ дахин явуулжээ.
Мөн Иргэдийн оролцооны нэгдэл намаас Дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх тухай өргөдөл ирүүлжээ. Тус нам Төлөөлөгчдийн танхимын VI хурлаа энэ сарын 9-нд хийж, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Улсын дээд шүүх удахгүй уг хоёр хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.