Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр мэдэгдэл гаргалаа. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан мэргэжлийн алдаа гаргаж, донорын ар гэрийнхэнд дутуу мэдээлэл өгсөн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй билээ. Улмаар эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан хүний эд, эрхтнийг наймаалдаг байж ч болзошгүй гэсэн хардлага газар аваад байгаа юм. Нийгэмд үүсээд буй эл асуудалтай холбоотойгоор ЭМЯ-наас дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлснийг салбарын сайд дурдлаа. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нарийн хяналт доор, 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах боломжгүйг онцлов. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохоо илэрхийллээ.
“Донорын тухай хуулийн 15.1-т “Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж зохицуулсан байна. Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх, судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг. Энэ удаагийн тохиолдол бидэнд амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харууллаа. Ялангуяа Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрвөн журмын зохицуулалтыг нарийвчилж, шинэчлэх шаардлагатай байна. Бид донороос авсан эд, эрхтний тусламжтайгаар гурван хүний амь аварч, зургаан хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн. Бүх эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа. Олон хүнд амьдрал бэлэглэсэн донор, түүний үр хүүхэд, ар гэрийнхэнд талархал илэрхийлж байна. Зөрүүтэй мэдээллийн улмаас нийгэмд бухимдал үүсгэсэнд иргэдээсээ уучлал хүсэж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Бэлтгэсэн: М.Оч