Ардчилсан намынхан төвийн бүсийн “Эдийн засгийн форум”- аа зохион байгуулж, орон нутагт ажиллан, гишүүдээ болон бизнес эрхлэгчдийн санал, бодлыг сонсож явна. Нөгөө талд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “хөтлөлцөөд”, “Хөх Монголын хөх туг” нэртэй аяныг орон нутгаар өрнүүлж байгаа юм. Л.Гантөмөр дарга нь “Хөх Монголын хөх туг” бол цэвэр АН-ын гишүүдийн хүрээнд зохион байгуулж буй ажил. Уг аян цаашид ч үргэлжилнэ. Хамгийн гол нь намын Зөвлөлдөх танхимаар дамжуулан санал хүсэлтээ хэлээд явах юм” хэмээн ярьжээ. Гэвч Х.Баттулга нь өнөөх аяныхаа үеэр “Энэ бол зөвхөн монголчуудын цугларалт, нам хамаагүй” гэж тодотгосон. Хэдийгээр энэ эрхэм намын даргатайгаа тохиролцоо хийж, 15 дэд даргын нэлээд хувийг өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн ч сэтгэл ханаагүй бололтой.
Бас Л.Гантөмөрийн хэлсэнчлэн “Зөвлөлдөх танхимаараа дамжуулан санал бодлоо хэлэх” биш, тусдаа тоглолт хийхийг илүүд үзэж байна. Түүний фракцыг төлөөлж “бялуу” хүртсэн дэд дарга нарын нэг П.Галиндэв хэмээх залуу тэргүүн дэд дарга С.Баярцогтыг эсэргүүцсэн мэдэгдэл хийж, хариуцлага тооцуулах шаардлага тавьж явна. С.Баярцогт “Алтангадас” фракцад хамаардаг байсан ч эдүгээ түүний ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бий гэдэг. Олон фракцынхаа эрх ашигт нийцсэн дундын хувилбараар “бялуу” хуваарилсан ч энэ намд маргаан тасрахгүй нь. Үнэндээ АН-ыг хэн удирдаж байна вэ. Талцсан намаа нэгтгэж, даргаар сонгогдсон Л.Гантөмөр үү, нөлөөгөө ахиулахаар шунаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж уу. Эсвэл бүр эрх баригч намынхан дотроос нь хагалах “ажиллагаа” явуулаад байна уу.
АН ирэх сонгуульд олонх болбол намын дарга Л.Гантөмөр нь биш, тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхий сайд болох тохиролцоо хийжээ гэдгийг “өрсөлдөгч” фракцуудынх нь хүмүүсийн үг, үйлдэл илчлээд байна. Тэгэхээр алаагүй баавгайн арьсыг арав хуваахаар энэ намын фракцууд одооноос “зодолдож” буй байх нь.
ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР
Үнэндээ хэн нэг нь ямар нэг байдлаар эсрэг зүйл ярьж, мэдэгдэл хийхгүй бол АН биш болно. Шуудайд хийсэн үхрийн эвэр мэт байх нь энэ намын онцлог, имиж учраас тэр. “Бид асуудлаа ил ярьдаг, маргалддаг. Эцэст нь том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг” хэмээн тус намынхан ярих дуртай. Тэгэхээр Х.Баттулгын С.Баярцогт руу чиглэсэн “ажиллагаа”-г хэвийн зүйл, олон өөр үзэл бодлынх нь л нэг гэж харах уу. Гэвч сонгууль болоход есөн сарын хугацаа үлдсэн байхад “ардчилсан” байдлаа хэтэрхий харуулах нь тэдэнд харин ч хортой баймаар.
П.Галиндэв С.Баярцогтын талаар “Тэр бол төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг. Албан тушаалаа ашиглан мөнгө угаасан гэдэг нь гурван шатны шүүхээр нотлогдсон ч Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. С.Баярцогт хуулийн хариуцлага хүлээх ёстой атал улс төрд эргэж ирээд намын даргаар сонгогдож, улмаар Ерөнхий сайд болохоор зүтгэж байгаа нь хууль, шүүхийн байгууллага ажиллахаа больсны жишээ” гээд шүүгчид ч, тэргүүн дэд даргад нь ч хариуцлага тооцохыг шаарджээ. Үүнийгээ тэрбээр “АН-ын жирийн гишүүдийн байр суурь” хэмээн тайлбарлав. Үүнээс хэд хоногийн өмнө тус намын гишүүн, сүүлийн үед байнга эсэргүүцсэн байр суурь илэрхийлдэг болоод буй Г.Хажидмаа хэмээх бүсгүй хэвлэлийн хурал хийжээ. Тэр ч бас С.Баярцогтыг улс төрд эргэн ирснийг эсэргүүцэж, “Энэ хүн Ерөнхий сайд болох учиргүй” гээд, үүнийгээ Оюутолгойн гэрээтэй холбон тайлбарласан байна билээ.
АН ирэх сонгуульд олонх болбол намын дарга Л.Гантөмөр нь биш, тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхий сайд болох тохиролцоо хийжээ гэдгийг “өрсөлдөгч” фракцуудынх нь хүмүүсийн үг, үйлдэл илчлээд байна. Тэгэхээр алаагүй баавгайн арьсыг арав хуваахаар энэ намын фракцууд одооноос “зодолдож” буй байх нь. Ерөнхий сайдын албан тушаалд өөрийн хүнээ тавихыг хүсэх, ер нь энэ намыг аясаараа хөдөлгөх нь Х.Баттулгын зорилго.
ГАДНЫН НӨЛӨӨ
Өнгөрсөн сарын сүүлээр Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 30 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Монголын ардчилал: өчигдөр, өнөөдөр” чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Анх ардчилсан хувьсгал хийхдээ чөлөөт сонгууль явуулдаг, зах зээлийн эдийн засагтай, олон намын төлөөлөлтэй болохыг зорьсон. Гэвч өнөөдөр олон нам бий ч нэг том “атмаан”- тай болж. Байгуулсан ардчиллаа бид бэхжүүлж чадсангүй” хэмээн хэлж байв. “Economist intelligence unit” байгууллагаас дэлхийн орнуудын ардчиллын индексийг гаргасан 2022 оны тайланд манай улс 6.35 оноогоор 167 орноос 66 дугаарт орж, “гажуудсан ардчилал”-тай гэдэг ангилалд багтжээ. Сүүлийн хоёр сонгууль дараалан МАН үнэмлэхүй олонх болж, Монголд үндсэндээ нэг намын тогтолцоо бий болсон нь үүний нотолгоо. Гажуудсан ардчиллыг аврахын тулд бидэнд олон намын төлөөлөл, тэр дундаа хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Үүнийг дотроо хэрүүлтэй ч АН-аас өөр сайн гүйцэтгэх улс төрийн хүчин одоогоор манай улсад алга. Тиймээс л энэ намынхан дотоод хэрүүлээ хойш тавьж, алдсан итгэлийг эргүүлж авах, парламент дахь төлөөллөө ахиулахын төлөө ажиллах ёстой болоод байна.
Нэг талаар олон фракцынхаа эрх ашгийг хангах зорилготой байсан ч нөгөө талаар сонгууль болтол үлдсэн хэдхэн сард өргөн бүрэлдэхүүнтэйгээр, ажлаа хуваарилж аваад зэрэг “дайрахын” тулд 15 дэд даргатай болсноо Л.Гантөмөр тайлбарласан билээ. Гэвч АН-ыг өндийлгөхгүй, тэр чигээр нь “булшлах” хүсэл эрх баригчдад бий. Хүчтэй сөрөг хүчингүй байж, үнэмлэхүй олонхын эрх мэдлээ үргэлжлүүлэхийг тэд хүсэж буй нь мэдээж. Тийм ч учраас энэ намыг дотроос нь задлах, хагалан бутаргахад хувь нэмрээ оруулж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ОХУ-ыг дэмжигч, МАН-ын гар хөл гэх мэтээр нийгмийн сүлжээгээр “харддаг”. Түүний нөлөө АН-д нэмэгдэнэ гэдэг энэ нам эрх баригчдын “атганд” орж буйтай адил гэсэн байр суурь цөөнгүй. АН-д сүүлийн хоёр жил гаруйн турш үргэлжилсэн будилааны нэг эзэн болох С.Эрдэнэ ч иймэрхүү агуулгатай зүйл жиргэсэн байв. Гэхдээ яагаад ч юм түүнийгээ удалгүй устгачихаж. АН-ынхан нэгдээд эхэлбэл МАН-д ашиггүй учраас тэд дотроо ноцтой хагаралдаагүй байсан ч байр суурийн жижиг зөрчлийг дэвэргэх, тараах байдлаар нэр хүндийг нь унагаж байж мэдэх. С.Баярцогтыг эсэргүүцсэн гишүүдийнх нь мэдээлэл доорх сэтгэгдэл дотор “АН бүтэхгүй ээ, энэ намыг сонгох хэрэггүй”, “Үүний оронд МАН-аа сонгосон нь дээр” гэх мэт агуулга олон байгаа нь ингэж бодоход хүргэж буй юм.
АН-ЫН ГИШҮҮД БОЛГООМЖИЛЖ ЭХЛЭВ
Олон намын нэгдэл болсон, эрх ашгийн мөнхийн зөрчилтэй АН-ынхны хувьд аливаа шийдвэр бүгдэд нь 100 хувь таалагдах боломжгүй юм. С.Баярцогтыг Ерөнхий сайд болгох хэтийн төлөвлөгөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид байгаад тэрбээр хөшигний араас нүүдлээ хийж буй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө олны өмнө ил гарч, “тоглолтоо” хийж байгаагаараа ялгаатай. П.Галиндэвийн ярилцлагыг АН-ын дэргэдэх Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн З.Нарантуяа эвтэй байсан нь зөвдөх тухай тайлбартайгаар хуваалцсан ч устгажээ. М.Зоригт, С.Эрдэнэ нар ч намынхаа талцал, зөрчлийн талаарх постуудаа удалгүй устгасан байгаа юм. Тэд сонгууль дөхсөн үед дотоод талцлаа ийм байдлаар дэврээх хэрэггүй гэсэн “чиглэл” авсан байж болох. Ер нь гишүүд нь иймэрхүү хэрүүлээ өөрсдөө дэлгэж, тараагаад байх нь МАН-д л ашигтай. АН-д бол өөрсдийнхөө унах нүхийг улам гүн ухаж буйтай адил үйлдэл болно. Тиймээс тэд болгоомжилж, цахим орчинд үг, үйлдлээ хянаад эхэлжээ. АН-ын залуу дэд дарга нарын нэг Ц.Жадамбаа“Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ямар ч хурал нээлттэй болж, гишүүн бүрийн үгийг сонсдог.
Энэ нь магадгүй нийгэмд АН эв түнжингүй, асуудалд өөрөөр ханддаг гэж харагддаг. Үнэндээ бид Монгол Улсаа яаж хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн дээдлэх, ардчиллаа яаж хамгаалах вэ гэдэгт нэгдэж чаддаг учраас гаргаж буй үйлдэл, үг ил байдаг. Муудалцаад, хэрэлдээд байгаа хэр нь амьдрал дээрээ үнэт зүйл, зорилгоороо нэгддэг учраас АН өнөөдрийг хүртэл оршиж байгаа” гэжээ. Тус намынхан хандлагаа өөрчилнө, шинэчлэгдэнэ хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
АН-ынхан дотроо талцаж, эсвэл хэн нэг нь удирдлагын давуу эрхийг гартаа атгахаар оролдож, түүнийх нь ард МАН чиглүүлж байж ч мэдэх. Юутай ч хагарал талцал нь тэднийг сүүлийн хоёр удаагийн сонгуульд гутамшигтайгаар ялагдуулсан юм. Одоо харин энэ алдаагаа ухаарч, бие даасан, зөв тактикаар ажиллаж чадах, эсэх нь ирэх сонгуулиар үхэх үү, сэхэх үү гэдгийг шийднэ. Туршлагатай улстөрчид, залуусын төлөөллөөс бүрдсэн удирдлагын баг нь намаа хэн нэгэн “удирдагч”-ийн гараас салгаж, утсыг тасалж чадах, эсэхийг бид удахгүй харна. Хэрүүл, талцал нь тогооноосоо хальж, толгойг нь авчихгүй л бол “хүрд эргүүлэх” сүүлчийн боломжоо алдахыг энэ намынхан хүсэхгүй биз ээ.