Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 дахь жилийн ой өчигдөр тохиолоо. Монголчууд 1990 оны долдугаар сарын 29-нд ардчилсан чөлөөт сонгуулиа хийсэн бол есдүгээр сарын 3-нд АИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийг сонгох, Улсын бага хурлыг (УБХ) байгуулах асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар Ерөнхийлөгчөөр П.Очирбат, дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын даргаар Р.Гончигдоржийг сонгосон юм. АИХ-ын 1990 оны есдүгээр сарын 9-ний 16 тоот тогтоолоор УБХ-ыг 50 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна. Үүнд МАХН-аас 31, МоАН-аас 13, МҮДН болон МСДН-аас тус бүр гурван төлөөлөгч сонгогдсоноор манай улсад байнгын ажиллаагаатай анхны парламент байгуулагдсан түүхтэй. УБХ-ын анхдугаар чуулган есдүгээр сарын 13-нд хуралджээ. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, үе үеийн УИХ-ын гишүүн, Тамгын газрын ажилтанд баярын мэнд хүргэлээ.
Тэрбээр “Монголчууд Үндсэн хуулиараа засаглалын хэлбэрээ сонгон тунхагласнаар төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллага болох УИХ-аар дамжуулан хэрэгжүүлж байна. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентын хэлбэр, ёсыг соёлт ертөнцийн чухал нээлтийн нэг гэж үздэг. Ард иргэдийнхээ Үндсэн хуулиар олгосон засаглах эрхийг бүрэн хангах нь үе үеийн парламентын тэргүүн зорилго байсаар ирсэн. Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн хууль баталж, хэрэгжүүлж, эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангаж чаддаг байх нь парламентат ёс төдийгүй аливаа улс үндэстэн цаашид тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм” гэжээ.