Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “Монголын сургуулийн өмнөх боловсролын 3-5 насны хүүхдийн цогц хөгжлийн онцлог” судалгаа хийжээ. “Хүний хөгжлийн хамгийн чухал үе нь сургуулийн өмнөх нас. Бусад улс орон хүүхдийн хөгжлийн талаарх судалгаа тогтмол хийж, үр дүнг нь ашигладаг. Манай улсад хүүхдийн хөгжлийн талаарх судалгаа цөөнгүй хийсэн. Гэсэн ч цогц байдлаар хийсэн нь алга. Тиймээс бид 3-5 насны хүүхдийн хөгжлийг цогцоор нь судлахыг зорьсон. Үүний хүрээнд бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжлийн онцлог, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодрууллаа” гэж дээрх хүрээлэнгээс мэдээлсэн юм. Уг судалгаанд нийслэл, таван аймаг, 10 сумд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийг нас, хүйсийн тэнцвэртэй байдлаар, санамсаргүй түүврээр сонгон оролцуулжээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Хөвсгөл, Дорнод, Орхон, Завхан, Дорноговь аймгийн төв болон сумуудад сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй 3-5 насны нийт 933 хүүхэд, 933 эцэг, эх, асран хамгаалагч, багшийг хамруулсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 30.9 хувь нь нийслэлд, 42.6 хувь нь аймгийн төвд, 26.6 хувь нь сумд амьдарч буй гэнэ.
Судалгааны үр дүнгээс харвал, биеийн жин охидынх 15-19, хөвгүүдийнх 16-20 кг байна. Нийт хүүхдийн 61.8 хувь нь бага, 37.6 хувь нь хэвийн, 0.5 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Хүүхдүүдийн биеийн жингийн индексийг амьдарч буй байршлаар нь ангилан үзсэн аж. Тэгэхэд нийслэлд амьдарч буй хүүхдүүд бага болон хэвийн жинтэй байсан гэнэ. Харин аймгийн төвд амьдарч буй хүүхдүүдийн 0.8, сумд амьдардгийнх нь 1.2 хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37.9 хувь нь орон сууцад, 52.2 хувь нь гэр хороололд буюу цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй орчинд амьдарч байсан гэв. Түүнчлэн нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн цээжний тойрог 54.6, аймаг, сумд амьдарч буйнх нь 55.3-55.6 см байжээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн цээжний тойрог нь нийслэлд амьдарч буй хүүхдүүдийнхээс 1-1.3 см-ээр илүү байсан аж.
Бэлтгэсэн: М.Оч