Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх судлаачдад зориулсан сургалтыг ЭМЯ-наас зохион байгуулж буй. Олон улсын жишгийн дагуу манайх уг судалгааг 1992 оноос эхлэн таван жил тутам хийжээ. Энэ удаагийн судалгаа зургаа дахь нь бөгөөд дээрх сургалтаар 70 судлаачийг бэлтгэх аж. Тэд хүн ам, ялангуяа хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүүхэд, эмэгтэйчүүдийн хүнсний баталгаат байдлыг судлан тогтоох юм. Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдал, ариун цэвэр, усан хангамжийг анх удаа үнэлнэ. Ингэснээр өрхийн гишүүдийн хоол тэжээлийн нөхцөл байдлыг дүгнэх гэнэ. Цаашлаад сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан тодорхойлох аж. Үүний үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажил, дүгнэлт зөвлөмжийг боловсруулан Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэх нь.