Хичээлийн шинэ жил эхэлж, хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж буй билээ. Түүнчлэн хувийн эмнэлгүүдэд томуугийн эсрэг дархлаажуулалтыг хэдийн эхлүүлжээ. Тэгвэл улсын хэмжээнд нэгдсэн журмаар үнэ төлбөргүй хийдэг вакцинжуулалтыг энэ жил хэзээ эхлүүлэхийг ЭМЯ-ны дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жил томуугийн улирлыг угтаад 300 000 тун вакцин захиалсан. Ирэх сарын 17-нд хүлээн авна. Ингээд бэлтгэл ажлыг хангаснаар 18-наас зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах юм. Өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнт вакцин захиалсан. Энэ нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн эсрэг үйлчилгээтэй. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насныхан, хөхүүл, жирэмсэн эхчүүдийг хамруулна. Иргэд сайн дураар вакцин хийлгэх боломжтой” гэв. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж.