Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 15 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 13-ыг нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 361-т хүрсэн бөгөөд тэднээс 51 нь нас баржээ. Манайд илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна. Ташрамд дурдахад, энэ оны эхний найман сард улсын хэмжээнд 6861 хүн бэлгийн замаар дамжих халдвараар өвчилснийг тогтоожээ. Үүний 39.5 хувийг тэмбүү, 36-г нь заг хүйтэн, 24.2 хувийг нь трихомониаз өвчин эзэлсэн аж. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 168-аар нэмэгдсэн гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч