ЗТХЯ-наас энэ оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарласан. Үүний хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж буй аж. Одоогоор тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн сунгалтын шалгалт, үнэмлэх олгох үйлчилгээг бүрэн цахимжуулжээ. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, гэрчилгээний үйлчилгээг “E-Mongolia” платформд оруулахаар бэлтгэл ажлыг хангасан бөгөөд ойрын хугацаанд ашиглах боломж бүрдэх нь. Түүнчлэн тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID-ыг автомашинуудад суурилуулж эхэлжээ. Ингэснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л цаасан гэрчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж. Манай улсын төрийн байгууллагууд тоон гарын үсгийн системд шилжсэн. Тэгвэл иргэд тоон гарын үсэгт бүрэн шилжвэл өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийх боломжтой болох гэнэ. Ташрамд дурдахад, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Энэ сард багтаан зам, тээврийн салбарын харьяа, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солих юм байна.
Бэлтгэсэн: Б.Сонор