Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр хүмүүсийн бөөгнөрөл үүсэж, амьсгалын замын халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс халдвараас сэргийлэх талаар хүүхдүүддээ зөвлөгөө, мэдээлэл өгөх нь зүйтэй. Амьсгалын замын халдвараас сэргийлэх хамгийн оновчтой энгийн арга нь амны хаалт зүүх болон гарын ариун цэвэр сахих” гэж ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан онцлов. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн гурав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ. Өдгөө томуугийн вирус тархаагүй, харин томуу төст өвчин риновирусээр өвчилсөн тохиолдол цөөнгүй гарчээ. “Ковид-19”-ийн тухайд долоо хоногт дунджаар 6-10 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Бэлтгэсэн: М.Оч