Ардчилсан намынхан удирдлагын багаа бүрдүүлэв. Тэргүүн дэд болон 15 дэд дарга, Улс төрийн зөвлөлийн 22, мөн үндсэн дүрмийн, дотоод сонгуулийн хорооныхоо бүрэлдэхүүнд тэд нийт 49 хүнийг томилжээ. Олон тийш харсан фракцууддаа эдгээр албан тушаалыг хуваарилсан гэсэн үг. Хонь бүрэн, чоно цатгалан болсон тул АН-ынхан дараа дараагийн ажлаа хэрүүл багатай үргэлжлүүлэх боломж ийнхүү бүрдлээ. Хэтэрхий олон дарга томиллоо, бүтцээ данхайлгалаа гэх мэтээр нийгмийн сүлжээнд зарим хүн “уурлаж” байна. Гэхдээ АН бол төрийн байгууллага биш, тиймээс хэдэн даргатай болох нь тэдний л асуудал. Тэгээд ч манай улс төрд энэ нь шинэ жишиг биш юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 30 гаруй дэд сайдтай ажиллаж байгаад л бид анхаарлаа хандуулж, үрэлгэн зардал, данхар төрийн тухай шүүмжлэх учиртай. Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 15 дэд ерөнхийлөгчтэй гэдгийг санавал уурлаад буй хүмүүс арай тайвшрах биз ээ.
Монголд бий болоод буй нэг намын тогтолцоо, эрх мэдлийн төвлөрлийг задлах хэмжээнд Ардчилсан нам хүрч сэргэн, хоорондоо эвлэлдэж чадах уу гэдэг нь л бидний гол төвлөрөх сэдэв. Хүчтэй сөрөг хүчинтэй байх нь улс оронд хэрэгтэй учраас тэр.
Зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал, мөн хоорондоо сайн нэгдэж ажиллавал ирэх сонгуулиар эрх баригч болох АН-ынхны “мөрөөдөл” биелэх боломжтой. Залуус, эмэгтэйчүүд, туршлагатай улс төрчдийн төлөөллөөс бүрдсэн удирдах баг нь оройхон гараад ширүүхэн дайрч, дээрх зорилгоо хэрэгжүүлнэ хэмээн тэд төлөвлөсөн байна.
ҮЕ СОЛИГДОХ УУ
АН-ын дарга Л.Гантөмөр Үндэсний бодлогын хорооныхоо хурлын өмнө хэдэн сэтгүүлчийг онцлон ярилцлага өгчээ. Ингэхдээ “АН-д үе солигдоно, бид эрх баригч болно” хэмээн мэдэгдсэн байна. Тус намд 1980-ад онд төрсөн УИХ-ын гишүүн байхгүй. Гэтэл МАН-д 1980-ад оныхон Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргаас эхлээд гол албан тушаалыг хашиж байна. Өөрөөр хэлбэл, 100 гаруй жилийн настай “өвгөн” нам бүрэлдэхүүндээ цус сэлбэж, ид насны залуустаа ачааны хүндийг үүрүүлээд явж буй. Гэтэл 33 настай АН-д 1960-аад оны ах нар нь л залуур атгасаар байгаа юм. Л.Гантөмөрийг ацан шалаанд оруулж буй гол дүрүүд болох экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон тус намын дарга асан С.Эрдэнэ бүгд 1963 онд төрсөн. АН-ын залуус эд нарынхаа сүрд дарагдан, талцсаар өнөөдрийг хүрчээ. Тэгвэл 1970-аад оныхны төлөөлөл болсон Л.Гантөмөр энэ уур амьсгалыг өөрчлөхөөр оролдож буй аж. ҮБХ-ны хурлаас хийсэн томилгооноос энэ бодлогыг нь харж болно. Тус намын 15 дэд дарга дотор Ц.Жадамба, Э.Одбаяр, С.Буяндэлгэр, Ш.Жандос, О.Алтангэрэл, Т.Пүрэвхатан, Ч.Өнөрбаяр зэрэг наяад оныхон багтжээ. Мөн АН-ын дарга зөвлөхөөрөө 1990-ээд оныхны төлөөлөл болсон комедиан Н.Амаржинг томилон ажиллуулж байгаа юм. Улс төрд туршлага маш чухал. Тиймээс үүнийг шинэ уур амьсгалтай хослуулах учиртай болж байна. Энэ утгаараа 1960-аад оныхны төлөөлөл, туршлагатай улстөрч болох С.Баярцогтыг тэргүүн дэд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг дэд даргаараа тавьсан биз.
Фракцын төлөөллөөр нь авч үзвэл Х.Баттулгын буюу МоАХ-ны талаас Ш.Түвдэндорж, О.Алтангэрэл, Т.Пүрэвхатан, П.Галиндэв, Ш.Жандос, И.Мөнхжаргал, Ц.Элбэгдоржийн зүгээс Ц.Баярцогт, П.Батчимэг, Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нар удирдлагын багт багтсан аж. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Нэг ардчилал”-ын ард байдаг гэдэг ч тэрбээр “Алтангадас”, МҮДН, “Од” клубзэрэг хэд хэдэн фракцыг нэгтгэсэн харагдаж байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан “Шонхор” буюу С.Эрдэнийн талыг төлөөлж буй. С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад тэрбээр уг албыг хашиж байжээ. АН-ын ажлын албаны даргаас дэд дарга болж дэвшсэн Э.Одбаяр “Нэг ардчилал” буюу Л.Гантөмөрийн хүн юм байна. С.Буяндэлгэр болон Мэдээлэл, харилцаа технологийн газрын дарга асан Ц.Жадамба нар “Морьтон” клубын төлөөлөл гэнэ. АН-д сүүлд байгуулагдсан, залуусын клубүүдээс “Морьтон”, “Од”-ынхон ийнхүү “бялуу”-наас хүртсэн байх нь.
Ийм олон дэд даргатай болох хоёр шалтгаан Л.Гантөмөрт байжээ. Юуны өмнө бүх фракцынхаа хүслийг гүйцээж, албан тушаал хуваарилах замаар дотоод зөрчлөө шийдэх. Үүний дараа “тамын тогоо”-ны үлгэр нь дуусаж, том зорилгынхоо төлөө нэгдэх боломж бүрдэж буй. Улмаар сонгууль хүртэлх богино хугацаанд зуун задгай нам, бодлого, ажлаа цэгцлэхэд хүн хүч хэрэгтэй болсон аж. Тэрбээр “15 дэд дарга тус бүр нэг асуудал хариуцаж авна. Бүх ажлыг хариуцсан эзэнтэй болгож, корпорацын засаглалаар ажилласнаар би өөрөө намын стратегиа боловсруулахад анхаарах боломжтой болно” гэжээ. Харин ҮБХ-ны хурлаас Улс төрийн зөвлөлдөө голдуу хуучин улстөрчийг оруулжээ. УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ш.Адьшаа, Д.Ганбат болон Да.Ганболд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ц.Оюундарь, А.Ганбаатар, М.Чимэддорж, О.Амартүвшин, Л.Одсэр, Д.Пүрэвдаваа, Х.Болормаа, О.Магнай, Д.Баянмөнх, Ц.Одонтунгалаг, Ц.Батхуяг, Н.Жавзанпагма, Д.Пунцаг, Л.Даваасүрэн, И.Нарантуяа, Э.Тамир гэсэн хүмүүс уг зөвлөлд багтаж байна.
ТОЙРГИЙН ХУВААРИЛАЛТ
Дэд дарга, Улс төрийн зөвлөлд багтсан эдгээр эрхмийг ирэх сонгуульд нэр дэвших “виз”-ээ авлаа гэж үзэж буй. Тэдний зарим нь тойрогт, зарим нь намын жагсаалтаар нэр дэвшинэ. Юутай ч холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахдаа АН-ынхан сонгуульд ялсан, үгүйгээс үл хамааран ардчилсан үзэл санаанд үнэнч үлдэж чадах, мөн олон нийтэд танигдсан, гэмт хэрэгт нэр холбогдоогүй гэсэн гурван үндсэн шалгуур тавих гэнэ. Гурав дахь шалгуурыг мөрдөхдөө “Шүүхээс гэм буруугүй нь тогтоогдсон” байхыг харгалзах юм байна. Холимог тогтолцоогоор зохион байгуулах уг сонгуулиар 78 гишүүнийг тойргийн системээр сонгоно. АН-ын даргын хэлснээс үзвэл 2020 онд намынхаа нэрийг “тахалж”, сонгогдсон 12 гишүүнээ тэд “ногоон гэрлээр” хуучин тойрог руу нь илгээх аж. Мөн өмнө нь УИХ-ын гишүүн байсан, одоо дахин сонгогдох магадлалтай 7-8 хүн, олон нийтэд сайн танигдсан 10, сонгуульд нэр дэвшээд ялагдсан ч энэ удаа “даагаа нэхэх” боломжтой гэж үзэж буй 20 орчим, аймаг, дүүргийн ИТХ-ын дарга зэрэг орон нутагтаа танигдсан10-аад хүн байгаа гэнэ. Ирэх сонгуулиар АН 10 орчим намыг өөртөө нэгтгэх байдлаар хамтран оролцохоор яриа, хэлэлцээ хийж буй юм байна. Эдгээр намаас ирэх хүмүүст 10 гаруй тойрог өгнө. Ингээд байхад л цаана нь ахин 10-аад тойрогт нэр дэвших хүн “дутаад” байгаа тухай Л.Гантөмөр ярьжээ. Дур эзнээ голохгүй гэгчээр нэр дэвших хүн энэ намд мундахгүй олдоно. Гэхдээ дээрх гурван шалгуураар шүүхэд ийм дүр зураг бууж буй юм байна. Намын жагсаалтад багтаж, бие амар явсаар УИХ-ын гишүүн болох хүсэл хүн бүрт шахам бий ч өнөөх нь хязгаартай. Харин тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулах хүн гарцаагүй туршлагатай, олон нийтэд танигдсан, чадвар чансаатай байх учиртай юм.
Зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал, мөн хоорондоо сайн нэгдэж ажиллавал ирэх сонгуулиар эрх баригч болох АН-ынхны “мөрөөдөл” биелэх боломжтой. Залуус, эмэгтэйчүүд, туршлагатай улстөрчдийн төлөөллөөс бүрдсэн удирдах баг нь оройхон гараад ширүүхэн дайрч, дээрх зорилгоо хэрэгжүүлнэ хэмээн тэд төлөвлөсөн байна. “Манай нам ирэх 30 жилд алзахгүй баримтлаад явах хэмжээний стратеги боловсруулна” хэмээн Л.Гантөмөр амлаж байна билээ. Хэрүүл тэмцэлтэй ч хажуугаар нь шинэчлэл, бодит ажлаа хийж чаддаг нь энэ намын онцлог. Тиймээс АН-ыг олонх болдоггүй юм гэхэд парламент дахь төлөөллөө ахиулж, хүчтэй, бодитой сөрөг хүчин байгаасай гэсэн хүлээлт нийгэмд байна. 15 толгой нь хэрхэн хурдтай, нийцтэй ажиллаж чадахыг ирэх өдрүүдэд бид харах нь.