-Фракц бүртээ “бялуу” хуваарилж, 15 дэд даргатай болов-
АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) уржигдар 23.00 цаг хүртэл хуралдаж, томилгоонуудаа хийн, удирдлагын багаа бүрдүүлэв. Тус намын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяа нарыг томилсон юм. Хэрүүлтэй эхэлсэн хурлын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “АН олон фракц, клубтэй учраас аль болох эе эвийг хичээж, бүх оролцоог хангасан шийдвэр гаргахад намын даргад амаргүй байна” гэсэн юм. Тэгвэл Л.Гантөмөр дарга олон фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүйн тулд бүгдэд нь “бялуу” хүртээх шийдвэр гаргаж, 15 дэд дарга томилсон нь нийгмийн сүлжээнд “хэлэлцүүлэг” өрнүүлээд байна. Уг томилгоогоор Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нар АН-ын дэд дарга болов.
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, Ш.Түвдэндорж нарын “хуучин” улстөрчөөс бусад нь голдуу 1980-ад оны залуус аж. Намын генсект зүтгүүлж байсан, Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг Ч.Өнөрбаяр дэд дарга болсноор ерөнхий нарийн бичгийн даргын “сунгаа”-наас хасагдлаа. Л.Гантөмөр сар гаруйн өмнө Э.Одбаярыг ажлын албаны даргаараа томилсон ч энэ удаа тушаал дэвшүүлэн, дэд дарга болгосон байна. Фракцын хуваарилалт хийхдээ тэрбээр эмэгтэйчүүддээ 20 хувийн квот л олгожээ. Дэд дарга нарын дунд Ш.Түвдэндорж, О.Алтангэрэл тэргүүтэй МоАХ фракцын дөрвөн хүн орсон. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга намынхаа тэргүүн дэд даргын албан тушаалд сүүлийн үед “сүжрээд” байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг зүтгүүлэх гэж үзсэн ч ҮБХ-ны гишүүд нь дэмжээгүй аж. Энэ хурлаар тус намынхан Улс төрийн зөвлөлийн гишүүдээ бас томилсон. Үүнд АН-ын дарга асан С.Эрдэнэ, Монголын үндэсний АН-ын дарга асан Д.Ганболд, АН-ын генсек байсан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ш.Адьшаа, Д.Ганбат болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай тэргүүтэй 22 хүнийг баталжээ.
ҮБХ-ны хурал бүрэн дуусаагүй, тодорхойгүй хугацаагаар завсарласан байна. Учир нь уржигдар хурал эхлэхээс өмнө үүссэн гол маргаан нь ҮБХ-ны гишүүдийн бүртгэлтэй холбоотой байсан. С.Эрдэнэ болон Л.Гантөмөрийн үед ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон хүмүүсийн хооронд маргаан байгаа юм. Тиймээс тус намынхан ҮБХ-ны гишүүдийнхээ бүрэн эрхийг баталгаажуулж, зарим сул суудалд нөхөн сонгууль явуулна. Мөн ҮБХ-ны гишүүдийнхээ тоог 504 хүртэл нэмж, 100 гаруй хүнийг шинээр сонгох нь. УИХ-д нэр дэвших, шат шатны Засаг дарга болох эрхийг ҮБХ-ны гишүүн болж байж “өвөртөлдөг” учраас АН-ын фракцууд тэнд нөлөөгөө нэмэхээр өрсөлдөж, тэр хэрээр ийнхүү төлөөллийн төв байгууллагынхаа бүтцийг өргөжүүлэхээс аргагүй болоод буй юм. ҮБХ-ны хурлын үргэлжлэлээс өмнө фракцууд тохироогоо хийж, квотоо хуваарилахаар “ажиллаж” байна. Мөн тус намын генсекийн томилгоог хийлгүй үлдээжээ. Бүх фракцдаа хувь хүртээсэн учир намынхаа нарийн бичгийн даргыг Л.Гантөмөр өөрийн эрх мэдлийн хүрээнд томилох тохироо хийсэн сурагтай.
АЭХ-Г А.АДЪЯАСҮРЭН УДИРДАХ УУ
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны Зөвлөлдөх зөвлөлийн хурал өчигдөр болж, 200 гаруй бүсгүй оролцжээ. Тус холбооны тэргүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнгөрсөн зургадугаар сард уг сонгуульт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тиймээс уг хурлаас Дээд чуулганыхаа товыг тогтоох, холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна. Зарим гишүүн нь Зөвлөлдөх зөвлөлөөс АЭХ-ны тэргүүнийг сонгох өөрчлөлтийг дүрэмдээ оруулах санал гаргасан аж. Гэвч өмнөх дарга нарыг Дээд чуулганаар чөлөөлж, томилдог дүрмээ дагах ёстой хэмээн олонх нь үзсэн гэнэ. Тиймээс өчигдөр АЭХ-ны шинэ тэргүүний томилгоог хийгээгүй.
Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх, мөн намын жагсаалтад хүйсээр сөөлжилж оруулахаар болсон учир бүсгүйчүүдийн улс төрийн оролцоо илт идэвхэжсэн. Ялангуяа АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон хүн намын жагсаалтад нэрээ дээгүүр бичүүлэх боломж бүрдэх учир энэ “суудал” нэлээд өрсөлдөөнтэй байгаа юм. АЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АЭХ-ны дэд тэргүүн Б.Жаргалан нарын нэр дуулдаж байна. Тус намын дэргэдэх Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн тэргүүн З.Нарантуяа өрсөлдөх магадлалтай гэж байсан ч тэрбээр генсекийн албан тушаалд хүч үзэхээр болсон сурагтай. МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга намын даргатайгаа А.Адъяасүрэн гишүүнийг АЭХ-ны дарга болгох тохиролцоо хийсэн гэх мэдээлэл гарч байлаа.