Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байгаагаа тэмдэглэв.
Хуралдаанд Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, Тусгай хамгаалалттай газрын талаар хариуцсан байгууллагууд танилцуулга хийв.
Монгол Улсын Засгийн газар анх удаа нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зам, түүний стандартыг сайжруулахад анхаарч буй. Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцсан агентлаг байгуулах төслийг тус хуралдаанд танилцууллаа.
Нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулах, газар олголтыг зогсоосон шийдвэр хэт удаан үргэлжилж болохгүй. Иймд геодиз зураг зүйн газар ерөнхий төлөвлөлтөд орсон газруудыг олгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар өгсөн олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.