Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурал өчигдөр хэл амтайхан боллоо. Корпорэйт конвэйншн центрт 12.00 цагт эхлэхээр товлосон уг хуралд 30 минут өнгөрсөн байхад хэдхэн хүн ирсэн байв. Нэгдүгээр давхарт 4-5 хүн сууж, ҮБХ-ны гишүүдийг бүртгэн, мандат олгож байсан юм. Мөн том биетэй залуус хамгаалалтад гарч, “хаалга сахижээ”. Хэдэн жил талцаж, хэрэлдсэний эцэст намын даргаа сонгож, нэг дээвэр дор орсны дараах анхны ээлжит бус хурал “халуухан” болох нь тодорхой байсан. “Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт” уриатай уг хурлаар намынхаа дүрэм журмыг хэлэлцэхээс гадна тэргүүн дэд болон дэд даргаа томилж, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аж. Генсекээ томилно гэж байсан ч хэлэлцэх асуудлынх нь дараалалд энэ тухай байсангүй
Хурлаа хийхээс өмнө АН-ын фракцын удирдлагууд хоорондоо үндсэн тохиролцоогоо хийчихсэн байх болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэвч МоАХ фракцынхан хурал үймүүлж, хэрүүл шуугиан дэгдээв. Тус фракцын тэргүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дарга Л.Гантөмөрт ҮБХ-ны бүх гишүүнд ротацын сонгууль хийх, 126 нэр дэвшигчийн 60-ыг “өөрт” нь өгөх саналыг тавьсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Мөн намын тэргүүн болон дэд даргад нэр бүхий хүмүүсээ санал болгосон гэнэ. Уулзалтын үр дүнг өчигдрийн хурлаас харж болохоор байв. МоАХ фракцын А.Цэрэнбат, Б.Цэгмэд хэмээх хоёр хүн эхлэх гэж байсан хурлыг үймүүлж, “ҮБХ-ны зарим гишүүнийг оруулахгүй байна. Тэднийг оруулж ирээд асуудлаа ярья. АН-ын ҮБХ-ны хурал хэрүүлтэй л болдог, зодолдоод ч хамаагүй шийдвэрт хүрье” хэмээн илт өдөөн хатгаж эхэлсэн юм. Танхимаас зарим нь хариу хэрүүл хийсэн ч хэн ч тэднийг тайзнаас буулгасангүй. Б.Цэгмэд танхим дундуур явж, хүмүүс рүү заан “АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байх үед огт харагдаагүй хүмүүс энд сууж байна. Та нар ядаж ҮБХ-ны гишүүний татвараа төлсөн юм уу. Би дүрмийн дагуу анхан шатны нэгжээс сонгогдон ҮБХ-ны гишүүн болсон, та нар даргын шийдвэрээр энд сууж байгаа” гэх мэтчилэн ярив. Тэрбээр жилийн өмнө С.Эрдэнийн үед ҮБХ-ны гишүүн болсон аж. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү түүнд “Чи хэзээ АН-д элссэн юм. Би мөнгө төлбөл чи маргааш ч миний төлөө жагсаж чадах тийм л луйварчин шүү дээ” гэж байв. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам уг хоёр залууг дэмжин үг хэлж байтал микрофоныг нь хааж орхисон.
АН хоёр даргатай байх үед буюу жилийн өмнө С.Эрдэнэ ҮБХ-ны 100 гаруй суудалд ротац явуулсан юм билээ. Үүгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МоАХ-ны гишүүдийн нэг, жүжигчин Д.Сосорбарам зэрэг хүн ҮБХ-ны гишүүн болжээ. Үнэндээ энэ нам ҮБХ-ны хэдэн гишүүнтэйгээ өөрсдөө ч мэдэхгүй байгааг бид өмнө нь ч мэдээлсэн. Тэр л ёсоор хоёр даргын үед ҮБХ гишүүн болсон хүмүүс чи мөн, биш хэмээн талцсан нь энэ. А.Цэрэнбат, Б.Цэгмэд хоёр тайзан дээр гарч суугаад шууд дамжуулалт хийж эхлэв. Ийнхүү хоорондоо хэрэлдэж, уур амьсгал тун эвгүй болоод ирэх үеэс ҮБХ-ны зарим гишүүн танхимыг орхиж гарсан. Ирц ч бүрдээгүй, мөн хурал болж буй байрны гадаа хэсэг ахмад ирчихсэн хэл ам хийж байлаа. Хэвлэлийнхэнд нээлттэй гэсэн ҮБХ-ны хурал уур амьсгалын энэ байдлаас болоод хаалттай үргэлжлэхээр болж, сэтгүүлчдийг гарахыг хүссэн юм. Тэд хаалгаа хааж байгаад ирцээ бүрдүүлж, асуудлаа хэлэлцэхээр шийджээ. Ингээд хэвлэлийнхэн танхимыг орхисны дараа АН-ынхан хурал үймүүлсэн, угаасаа ч ийм зорилготой ирсэн хоёрыг албадан гаргасан байна. Улмаар үдээс хойш 76.5 хувийн ирцтэйгээр ҮБХ-ны хурлаа эхлүүлжээ. Тэд гол нь ҮБХ-ны гишүүдийнхээ бүртгэлийг цэгцлэх, яг хэдэн хүнтэй гэдгээ тодорхойлох учиртай юм. Мөн АН-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Я.Санжмятав нарыг томилж магадгүй гэсэн мэдээлэл гарч байлаа. Дугаар шилжих мөчид АН-ын ҮБХ-ны хурал дуусаагүй, тодорхой шийдвэр гараагүй байсан юм.
АН-ын ҮБХ-ны зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
С.ОДОНТУЯА (УИХ-ын дэд дарга):
ГЕНСЕКЭЭР ЭМЭГТЭЙ ХҮН СОНГОХ НЬ ЗӨВ ГЭДЭГ САНАЛАА ХЭЛСЭН
-Энэ хурлаас олон чухал шийдвэр гаргах ёстой. Бид Улс төрийн зөвлөл, шат шатны аймаг, дүүргийн намын хорооны даргыг сонгох журмаа батална. АН олон фракц, клубтэй учраас аль болох эе эвийг хичээх, бүх оролцоог хангасан шийдвэр гаргахад намын даргад амаргүй байх шиг байна.
-Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд намуудын дотоод удирдах байгууллагад эмэгтэйчүүдэд 40-өөс доошгүй квоттой байхаар тусгасан. Үүний дагуу та бүхэн шаардлага тавьж байгаа юу?
-Уг хуулийг хэлэлцэж байх үед намуудаас “Сонгууль дөхсөн учраас бүтцээ өөрчлөх цаг байхгүй, тиймээс 2024 оных биш, түүний дараагийн сонгуулиас хэрэгжүүлье” гэсэн. Тэгэхээр одоо хуучин хуулиараа шийдвэр гаргана, намын дарга эмэгтэйчүүдээ дэмжиж байгаа. Тиймээс нарийн бичиг, дэд даргын албан тушаалд бүсгүйчүүдэд 30-40 хувийн квот өгөх байх. ҮБХ-ны гишүүд маань бүртгэлтэй, үгүй гээд маргаан гараад байна. Юутай ч дүрмээрээ ҮБХ-ны гишүүний тоо УИХ-ын мандатыг таваар үржүүлсэнтэй тэнцүү байна гэж заасан. Үүнээс 76 нь эмэгтэй, 76 нь 39-өөс доош насны залуус байх заалттай. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зүгээс намын генсект эмэгтэй хүн сонгоосой гэдэг саналаа Л.Гантөмөр даргад хэлсэн. Миний хувьд намын дэргэдэх Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн тэргүүн З.Нарантуяаг уг албанд тохирох хүн гэж бодож байгаа.
Д.ГАНБАТ (УИХ-ын гишүүн):
АН-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАДНА, ДОТРООС НЬ ЗОРИУД ХҮЧГҮЙДҮҮЛЖ БАЙНА
-ҮБХ-ны хурал эхлээгүй байхдаа маргалдаад эхэллээ. Энэ бүхний шалтгаан таныхаар юунаас үүдсэн бэ?
-Хууль, дүрмээ мөрдөхгүй болохоор л ийм асуудал үүсэж байгаа юм. АН-ын гишүүд ротацын сонгууль хийж, ҮБХ-гоо байгуулдаг. Гэтэл хэн дуртай нь ҮБХ-ны гишүүдээр хүмүүсийг оруулж байна. 2022 оны гуравдугаар сарын 30-нд ҮБХ хуралдаж, дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн. Үүгээр бүртгүүлсэн ҮБХ бүрэн хүчин төгөлдөр байна. Мөн бид намын даргаараа Л.Гантөмөрийг сонгож, бүртгүүлсэн. Одоо дотроо эмхлэгдэх цаг болсон. Гэвч АН-ын үйл ажиллагааг гадна, дотроос нь зориуд хүчгүйдүүлж байна. Энэ маягаар 2024 оны сонгуулийг сонголтгүй болгох нь. Гишүүдийн сонголтоор явах ёстой атал тоталитар дэглэм рүү түлхэж байна. АН-ын хурлыг МАН-ын генсек Д.Амарбаясгалан, дарга Л.Оюун-Эрдэнийн ивээл дор хийх гээд байгаа юм уу. Тэдний эрх ашигт нийцүүлж ажиллаж болохгүй. Бид эхлээд ҮБХ-гоо хүчин төгөлдөр болгох ёстой.
-АН энэ байдлаараа ирэх сонгуульд эвлэлдэж оролцож чадах уу?
-Эвлэлдсэн нэр зүүчихээд, сонгуульд ялагдах гэж орж, дагуул нам болж болохгүй. МАН-ын удирдлагын оролцохгүй юм ч гэж алга. Тэд сүүлийн найман жилд ажлаа хийж чадсангүй. Ард түмний өмнө хэлэх үггүй болмогц янз бүрийн хуулиа өөрчлөөд, өрсөлдөхүйц намаа дотроос нь бусниулж, Дээд шүүхээр дамжуулан нөлөөлж байна шүү дээ. АН-ын гишүүд, олон улсын байгууллагууд үүнийг ойлгож байгаа. Гадаа байгаа хүмүүс, одоо тайзан дээр ярьж буй хүмүүсийг ч хар. Намын хурлыг ингэж хийж болохгүй.
Н.АМАРЖИН (АН-ын даргын зөвлөх):
ШИНЭ ЦУС СЭЛБЭХ ХЭРЭГТЭЙ
-ҮБХ-ноос ямар шинэлэг шийдвэр гаргах бол?
-ҮБХ-ны нийт гишүүний тоон дээр маргаан үүсээд байна. АН сөрөг хүчин байхад ҮБХ-ны гишүүн байсан хүмүүс дээр нэмээд 100 гаруй суудалд нөхөн сонгууль явуулах байх. Миний хувьд аль болох шинээр цус сэлбээсэй гэж бодож байна. Энэ хурлаар уг асуудлаа эцэслэх ёстой. Томилгоон дээр АН цус сэлбэж, шинэ брэндинг хийх хэрэгтэй байна.
-Танхимын уур амьсгал нэлээд таагүй болчихлоо. АН ирэх сонгуулиар нэгдэж чадах уу гэсэн эргэлзээ бий болоод байна л даа.
-Нэгдэхээс өөр гарц үгүй. Сөрөг хүчний байр суурь улс төрд зайлшгүй хэрэгтэй.