XБНГУ-ын Конрад Аденауэр сангаас “Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр” сэдэвт ардчиллын VII чуулганыг энэ сарын 25-нд зохион байгууллаа. Тус сангийн суурин төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфрэд Грунд нар гол илтгэлийг тавьсан байна. Ерөнхий сайд асан С.Баяр “Миний бие ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй, зарим үед идэвхтэй оролцогч, улс төрийн тайзнаа гардаг гол тоглогчдын нэг байсан. Манай улс 1950-иад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээж байлаа. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. Энэ бүхэн нь монголчууд ардчиллыг эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, эрх мэдлээ хуваарилдаг, ардчилсан улс болсон. Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал юунаас ч илүү чухал.
Асуудлыг олноороо хэлэлцэн шийддэг нүүдэлчдийн арга, зарчим нь өнөөгийн Монголд ардчиллыг тогтоон, хэвшүүлэхэд түүхэн чухал суурь болсон. Монгол Улс ардчилсан реформоо богино хугацаанд тун эрчимтэй эхлүүлсэн байдаг. Шинэ Монголын ардчилсан үйл явцад авлига, ажилгүйдэл, хавтгайрсан халамж, архидалт, шударга бус шүүх гээд олон бэрхшээл тулгарсаар ирсэн. Одоо ч тулгарч байна” гэжээ. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг илтгэлдээ “Анх ардчилсан хувьсгал хийхдээ чөлөөт сонгууль явуулдаг, зах зээлийн эдийн засагтай улс болохыг зорьсон. Гэвч одоо чөлөөт сонгууль алга, олон нам бий ч ганцхан “атаман”-тай болсон. Хоёр “атаман” нам байсан ч өнөөдөр АН улам бүр жижгэрч байна. Эдийн засгийн ардчилал гэдгийг бид тэр чигт нь орхижээ. Зөвхөн газрын баялгийг гартаа хийсэн хэсэг хүн эдийн засгийг барьж байна. Байгуулсан ардчиллаа бид бэхжүүлж чадсангүй. Мажоритар сонгуулийн системээр олон намын тогтолцоог үгүй хийсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ олон дахин нэмэгдсэн ч сонгууль зохион байгуулах зардал тамтгаа алдсан байна. Сонгуульд ажиллаж буй хүмүүстээ цалин өгөх гэж сая доллар зарцуулж байгаа юм. Нам төрийн эрхийг авдаг болохоор даргын суудлын төлөө тэмцэлддэг. Нэг намынхаа даргыг нөгөө нам нь томилох гэж дайрдаг болсон байна” гэв.
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфрэд Грунд “Монгол Улсын ардчиллын 30 жилийн шилжилтийн үед алдаа, оноо аль аль нь байсан. Одоо Монгол Улс юуны өмнө төрийн ажлыг, ардчиллын үйл явцыг сайжруулах шаардлагатай байна. Ардчилсан нийгэм өдөр тутам сорилттой тулгардаг. Үүнийг давж гарч, сайжруулахад хүн бүр оролцох ёстой” гэсэн байна. Үүний дараа Монголын ардчиллын ирээдүйн талаар мөн панел хэлэлцүүлгүүд зохион байгуулжээ.