Амралт, зугаалгын улирал дуусаж, улс төр бужигнах цаг ирэв. АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өнөөдөр хуралдана. МАН-ын Удирдах зөвлөлийнхөн ч ойр ойрхон цуглаж, “нүүрсний” хэргээ хэрхэх тухай ярилцаж байгаа сурагтай. Гуравдагч хүчний намууд ч төлөөллийн төв байгууллагынхаа хурлын товыг түрүүчээсээ дуулгаад байна. Ирэх сонгууль угтсан улс төрийн гол шийдлүүдээ гаргах, “бялуу” хуваах их тохиролцоогоо тэд хийж буй юм. Гэхдээ үүнээс гадна Улс төрийн намын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу дүрмээ шинэчлэх, удирдлагын багийнхаа бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийг 40- өөс доошгүй хувиар оруулах үүрэгтэй болсноо намын дарга нар мартаж болохгүй.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэний оролцооны нэгдэл намын дүрэмд хүйсийн харьцааг удирдах байгууллагын шатанд 50:50 хувиар хангахаар заасан нь манай намуудын түүхэнд анхных нь болж байна.
Улс төрийн намуудын төлөөллийн, гүйцэтгэх болон хяналтын байгууллагад бүсгүйчүүдийн оролцоог хангахын тулд дээрх хуульд тусгайлан ийм квот оруулсан билээ. Мөн нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар Сонгуулийн тухай хуульд тусгасан. Бүсгүйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд эдгээр квотын үүрэг их.
МАН 30, АН 20
Монгол ардын намын дүрэмд “Бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээн заажээ. АН-ын хувьд Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 76-гаас доошгүй нь эмэгтэй байх дүрэмтэй аж. Энэ нь нийт гишүүний дөрөвний нэг буюу 25 хувь гэсэн үг. Тэгэхээр АН-ынхан энэ квотоо 15, МАН 10 хувиар нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийнхээ оролцоог өсгөх ёстой болж байна. Хэдийгээр эдгээр нам дээрх байдлаар дүрэмдээ бүсгүйчүүдэд квот олгосон ч бүрэн мөрддөг, эсэхийг нь олон нийт мэдэх боломжгүй байв. Харин одоо Сонгуулийн ерөнхий хороо намуудын дотоод дахь ардчилал, жендерийн квотуудыг хэрэгжүүлж буй байдлаас эхлээд “ясыг нь цайтал” хянахаар болсон. Тиймээс бэлгэдлийн чанартай заалт дүрэмдээ оруулсан болж, хэрэгжүүлэхэд нь санаа тавихгүй явдаг цаг өнгөрч байгаа юм.
Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага ч уг хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг шахаж шаардах учиртай. МАН, АН-ын хувьд эмэгтэйчүүдийн байгууллага нь нэлээд нөлөөтэй, өрсөлдөөнтэй байдаг. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоог энэ оны нэгдүгээр сараас эхлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тэргүүлж буй юм. Тэгвэл АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ҮБХ-ны хурлынхаа дараа одоогийн тэргүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг чөлөөлж, орны хүнийг томилно. С.Одонтуяа гишүүн уг сонгуульт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир АН-ын АЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаа одоо тус намд өрнөж байна. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АЭХ-ны дэд тэргүүн Б.Жаргалан, АН-ын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн .Нарантуяа нар уг албан тушаалд өрсөлдөх сурагтай.
БУСАД НАМЫН ДҮРЭМД КВОТБИЙ ЮҮ
ХҮН нам, ИЗНН-ын дүрэмд эмэгтэйчүүдийн 30 хувийн квот тусгасан байдаг аж. Гэхдээ ХҮН нам зөвхөн их хурлын төлөөлөгчдийг сонгоход уг зарчмыг баримталдаг бол ИЗНН-ынхан төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хороо болон Улс төрийн зөвлөлийн нийт гишүүндээ эмэгтэйчүүдэд 30-аас доошгүй хувийн суудал хадгалах квот жээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэний оролцооны нэгдэл намын дүрэмд хүйсийн харьцааг удирдах байгууллагын шатанд 50:50 хувиар хангахаар заасан нь манай намуудын түүхэнд анхных нь болж байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаас ч давуулж, хүйсийн харьцааг тэнцүү хуваарилсан байгаа юм. Тус намын төлөөллийн төв байгууллагыг Төлөөлөгчийн танхим гэдэг аж. Уг байгууллагад бүх шатнаас эрэгтэй, эмэгтэй төлөөллийг тэгш оролцуулахаар заажээ. Сонирхолтой нь, энд аль ч хүйс харгалзахгүй гурван квот оруулсан байна. Мөн нийгмийн төлөөллийн бүлэг гэсэн суудалд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёр гишүүн сонгоно гэжээ. Энэ нь манай намуудын хувьд шинэлэг зохицуулалт юм. Улс төрийн намын тухай хуульд тодорхой квот заагаагүй ч “Намууд нийгмийн төлөөллийг хангана” гэсэн заалт тусгасан юм билээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын төлөөллийг хангах үүргийг ч намууд хүлээж байна. Харин энэ зохицуулалтыг ИОНН аль хэдийн дүрэмдээ тусгажээ. АН мөн дүрэмдээ ҮБХ-ны гишүүдийнх нь 76-гаас доошгүй нь 39- өөс доош насныхан байх заалт оруулж, залуусын төлөөллийг хангасан байдаг аж.
ИЛҮҮ ДЭВШҮҮЛБЭЛ ИЛҮҮ МӨНГӨ АВНА
Сонгуулийн тухай хуулиар бүсгүйчүүдэд олгосон 30 хувийн квотыг давуулан хэрэгжүүлсэн намуудад төрөөс бонус урамшуулал өгөхөөр зохицуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлсэн нөхцөлд энэ урамшууллыг адил хүртэнэ. 126 нэр дэвшигчийн 30 хувь гэхээр 38 эмэгтэй нэр дэвшинэ гэсэн үг. Гэвч АН, МАН-аас бусад нам 100 хувийн ирцээр нэр дэвшүүлэх магадлал бага. Тэгвэл тэдэнд илүү олон эмэгтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлээд, бонус мөнгө авах “боломж” байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрх бүрэн хангагддаггүй учраас хуульд зориуд ийм зохицуулалт оруулсан юм билээ. Хэрэв намууд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн нэр дэвшүүлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 13.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төрөөс авна. 30 хувийн квотоос давуулж нэр дэвшүүлсэн эмэгтэй бүрийн тоогоор мөн л 13.5 сая төгрөгийн бонус авах юм. Ялангуяа УИХ-д суудал авах магадлал багатай, “сураггүй” намуудад энэ бол “мөнгө хийх” боломж. 2012 оны сонгуулиар Иргэний хөдөлгөөний нам нийт нэр дэвшигчийнхээ 90 хувьд эмэгтэйчүүдийг “сойсон” түүх бий. Хэрэв одоо уг нам энэ жишгээ давтвал чамлахааргүй урамшууллыг төсвөөс авах нь. Учир нь сонгогдох, эсэх нь хамаагүй, гагцхүү бүсгүйчүүдийг олноор нь дэмжин, өрсөлдөх боломжийг хангасных нь төлөө тухайн намыг төр урамшуулах зохицуулалт юм билээ. Нийгмийн бүх бүлгийн оролцоог хангахын тулд олон улсад ч иймэрхүү мөнгөн дэмжлэгийн арга хэрэглэдэг юм байна.
УИХ-ын сонгуульд ч, улс төрийн намуудын удирдах шатанд ч ийнхүү бүсгүйчүүдийн оролцоог нэмэх боломж хуулиар бүрдүүлжээ. Нэр дэвших квотыг хэрэгжүүлж буй, эсэх нь олон нийтийн нүдэнд ил байх бол намуудын удирдах шатны байгууллагуудад 40 хувьд нь бүсгүйчүүд ажиллаж байгаа, үгүйг бид шууд мэдэх аргагүй. Тэгвэл үүнд СЕХ санаа тавих нь. Их, дээд сургуульд суралцагчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Олон жилийн турш охид, бүсгүйчүүд боловсролдоо анхаарсан учир хүний нөөц хангалттай бий. Тиймээс эрчүүд шалтаг тоочихгүйгээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх л үлдэж байна. Хүйсийн тэнцвэрийг хангасан газраас амьдралд ойрхон, хийгүй шийдвэр гардгийг олон улсын туршлага хэдийн баталчихаад байгаа билээ.