Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, салбар хуралдаанууд нь болов. “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд 15 орны 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа билээ.
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ” сэдвээр болсон салбар хуралдааны чиглүүлэгчээр Шинэ Зеланд улсын Үндэсний нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлэл хариуцсан захирал доктор Жульетта Рамбал-Смит ажиллаж, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ллиус Виналс Торрес үндсэн илтгэл тавив. Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлаас болж урьдчилан сэргийлэх бус, эмчлэх үйлчилгээнд илүү төвлөрч байгаа аж. Мөн хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилт бий болгож байгааг оролцогчид ярилцаж, гарц шийдлийн талаар санал солилцжээ. “Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ: Бид хаана байна вэ.
Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ” сэдэвт хуралдаанаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталсан байна. БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор доктор Сунман Квон үндсэн илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Хуралдааны оролцогчид Ази, Номхон далайн болон бусад бүс нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцоог сайжруулахын тулд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, санхүүжилтийн системийг өөрчлөх зэргээр тодорхой зохицуулалт хийх боломжтой гэж үзжээ. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг, оролцоо чухал учир хууль тогтоох, төсөв батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд оролцоотой ажиллахыг сануулсан байна.
“Эрүүл мэндийн инновацаар дамжуулан анхан шатны тусламж, үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь” сэдэвт хуралдааны гол илтгэлийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Мэдээлэл, стратеги, инновацын газрын захирал Кидонг Пак тавьсан байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд гарсан ахиц дэвшлийн ихэнх нь инновацаас үүдэлтэй байдаг аж. Гэвч хурдацтай өөрчлөгдөж буй хүн ам зүйн хэв маяг, өвчний дарамт, эрүүл мэнд, цар тахал зэрэг асуудал байгаа учир Засгийн газрууд эрүүл мэндийн инновацын үнэ цэнийг нэмэгдүүлж, чиглэлийг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийг хангах, олон улсын сайн туршлагаас суралцах зэргээр бодлогын арга хэмжээ авах нь зөв хэмээн оролцогчид санал нэгдсэн байна.
“Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг шинэчлэлийн арга зам” хуралдаанаар оролцогчид дөрвөн бүлэгт хуваагдан санал, бодлоо солилцжээ. Энэ удаагийн Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх чуулган бүлгийн хэлэлцүүлэг хийж буйгаараа онцлог болж байгаа юм. Ингэснээр оролцогчдод эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний шинэчлэлд чухал ач холбогдолтой, өргөн хүрээтэй сэдвүүдээр ярилцаж, богино хугацаанд мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах боломж олгосон байна.
Хуралдааны дараа оролцогчид Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд ажиллаж, алслагдсан малчин өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаатай танилцжээ.