Таны гэр бүл, найз нөхөд, танилууд дотор аль нэг улс төрийн намын гишүүн хүн байна уу. Ганц хоёроор тогтохгүй ийм хүн олдоно гэдэгт итгэлтэй байна. Өндөр настан, ахмадууд голдуу МАН, АН-ын гишүүнчлэлтэй байдаг бол сүүлийн үед ид насны залуус өөр бодлогоор, шинэлэг ажиллана гэж итгэсэн намд орох хандлага ажиглагдах болов. Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 нам бий бөгөөд тэд нийт 700 мянган гишүүнтэй гэсэн тоо байдаг аж. Харин гишүүнийхээ тоогоор өрсөлдөх дуртай намуудын өөрсдийнх нь бүртгэлээр энэ тоо хоёр саяд дөхөж буйг судлаачид хэлж байна. Тэгэхээр сонгуулийн насны хоёр сая гаруй иргэн нь бараг бүгд аль нэг намын харьяалалтай болчихож байгаа юм. Тиймээс л эхний асуултыг тавьсан хэрэг.
МАН 288 мянган гишүүнтэй гэсэн тоо байна. Харин хүнээр бол идэр насандаа яваа АН 150 мянга орчим гишүүнтэй. “Ганц хүний” гэх тодотголтой БНН-д гэхэд “үл үзэгдэх” 30 мянган гишүүн байдаг аж. Үнэн тоог нь хэн ч мэдэхгүй. Бараг “байгууллагын нууц” бололтой юм.
Нэг үе сонгууль дөхөхөөр намууд “Хэн нь олон гишүүн элсүүлэх вэ” гэдэг “уралдаан” зохион байгуулдаг байв. Бараг намын салбар, хороодынхоо дарга нарт нэг хүн тэдэн гишүүн элсүүл гэсэн үүрэг өгдөг байсан гэх. Нөгөөдүүл нь тоогоо гүйцээхээр гишүүдийнхээ гэр бүл доторх насанд хүрсэн хүн бүрийг хүчээр элсүүлж орхидог байв. Тухайн намын үзэл баримтлал, үнэт зүйл нь юу юм, ямар бодлого, үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь тийм ч чухал биш. “Мундагдуулж” болох хэн л байна, түүгээр нь яриулаад цэргүүд, төгсөх ангийн 18 нас хүрсэн сурагчид гээд “хоморголон” элсүүлж байсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа МАН, АН-д тооны хойноос хөөцөлдөх “эмгэг” байлаа.
НАМ ДАГАВАЛ АМ ТОСОДНО
Ийм “хэлц” гараад удаж байна. Албан тушаалд хүрч, амбицаа өнгөлье гэсэн залуус томхон намуудыг бараадан гишүүнээр элсдэг нь нууц биш. Хэдэн жил даргын цүнхийг барьж гүйнэ, идэвхтэй байж чадвал түүний ч бас “хоолонд орох” ээлж ирдэг. Дуучин Т.Дэлгэрмөрөн саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо гэмгүй үнэнээ ярьжээ. Тэрбээр “Нэг мэдсэн чинь л манай Д.Батсүх нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга, А.Хаянхярваа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга болчихсон байсан. Би юунаас хоцорчихов, та нар юу хийв гээд асуутал намд элссэн гэнэ. Тэгэхээр нь сандарч очоод МАН-д элсчихлээ. Гэтэл одоо хааяа тэр намын ой, арга хэмжээнд дуулахаас хэтрэхгүй л явна” гэсэн юм. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонхын суудал авсны дараа дуучин залуус ийнхүү “бялуу” хүртсэн байна. Д.Батсүх эдүгээ ч нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албаа хашиж байгаа. Харин Т.Дэлгэрмөрөнд “хоол” олдсонгүй, магад тэр идэвхтэй “долоож” чадахгүй байгаа бололтой. Эсвэл өөрийнх нь хэлснээр “төрөөс итгэл хүлээлгэхээр хүн биш” байж ч мэднэ. 2017 оноос хойш МАН-ын шоу, арга хэмжээнд дуулахаас өөрөөр намын гишүүн байсны “хэрэг гараагүй” хэмээн тэрбээр хошигнон ярьж байна билээ. Энэ бол албан тушаал, ашиг бодон элсээд сул гишүүн болсон олон түүхийн нэг, захын л жишээ.
Дуучин, олны танил биш ч гишүүн, сайдын туслах байсан залуус нам нь олонх болсны дараа хурган даргын албан тушаалд очдог. Тэдний олонх нь цаашдаа УИХ-ын гишүүн, сайд болох том мөрөөдөлтэй, үүний тулд доогуурх албан тушаалаар шат дамждаг гэхэд болно. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч МАН-ын залуусын байгууллагаар дамжин, “цүнх барьж” гүйсээр өнөөдрийн өндөрлөгт хүрснийг хүмүүс мэднэ. Ийнхүү улс төрийн нам албан тушаалд хүрэх “гишгүүр” болоод удав. Нөгөө талаар намд л элсэхгүй бол хаана ч өндөр боловсрол эзэмшээд, мэдлэг чадвартай байгаад олигтой ажил олддоггүй “хөгийн” тогтолцоо бий болгочихсон учраас залууст өөр сонголт алга.
АЛЬ НАМ ХЭДЭН ГИШҮҮНТЭЙ ВЭ
Манай улсын хамгийн ууган, том нам бол эрх баригч МАН. 100 гаруй жилийн түүхтэй энэ намд эмээ, өвөө нар үнэнч байдаг бол залуус албан тушаал горилон элсэж буйг дээр дурдсан. МАН 288 мянган гишүүнтэй гэсэн тоо байна. Харин хүнээр бол идэр насандаа яваа АН 150 мянга орчим гишүүнтэй. “Ганц хүний” гэх тодотголтой БНН-д гэхэд “үл үзэгдэх” 30 мянган гишүүн байдаг аж. Үнэн тоог нь хэн ч мэдэхгүй. Бараг “байгууллагын нууц” бололтой юм. Татвараа тогтмол төлж, үйл ажиллагаандаа идэвхтэй оролцдог гишүүдийг нь шигшээд үзвэл МАН-ын288 мянган гишүүний100 мянга нь л жинхэнэ болно хэмээн улс төр судлаач Д.Бумдарь нэгэн хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Тэгвэл намуудын гишүүнчлэлийн талаарх “хөөсөрсөн” тоо, бүртгэл удахгүй хумигдах нь. УИХ-аас өнгөрсөн сард баталсан Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуулиар ирэх оноос эхлэн бүх нам татвараа идэвхтэй төлдөг гишүүдийнхээ нас, хүйс, регистрийн дугаар гэх мэт дэлгэрэнгүй статистик, мэдээллийг жил бүр СЕХ-нд илгээдэг байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, идэвхтэй гишүүн болон дэмжигч гэсэн хоёр тусдаа ойлголт оруулан заагласан байна. Ингэхээр аль нам жинхнээсээ хэдэн гишүүнтэй вэ гэдэг нь тодорхой болох юм. Мөн “хоморгонд” өртөн намын гишүүн болсон хүмүүсийг “чөлөөлнө”. Харин дэмжигч гишүүдээ намууд дотооддоо бүртгээд явах боломжтой аж. Яваандаа жинхэнэ гишүүний тоо цөөрөн чанаржиж, харин дэмжигчид нь өснө гэсэн төсөөлөлтэй байгаа гэнэ. Гэхдээ гуравдагч хүчний зарим намын зүгээс “Энэ мэдээллийг СЕХ олон нийтэд танилцуулах зохицуулалтыг хуульд оруулаагүй, тойм тоо хэлсэн болоод л өнгөрнө” хэмээн хардаж байна.
ХАТУУ ГИШҮҮНЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ
Энэ тухай улс төрийн хүрээнд олон жилийн турш маргаж байгаа юм. Гишүүний тоогоор уралддаг, насанд хүрсэн хүн амын олонх нь аль нэг намын гишүүн болчихсон явааг цэгцлэхийн тулд дээрх хуульд эхний шатны зохицуулалтыг оруулсан нь энэ. Идэвхтэй гишүүн болон дэмжигчээр нь ялгаж бүртгэлжүүлсний дараа аажимдаа хатуу гишүүнчлэл бага багаар үгүй болно гэж үзжээ. Гэхдээ зарим судлаач, улстөрч “Гишүүнгүйгээр нам оршин тогтнох боломжгүй. Тиймээс хатуу гишүүнчлэл хэрэгтэй” хэмээдэг бол нэг хэсэг нь “Одоо ч хуульд хатуу гишүүнчлэл гэж байхгүй. Намын гишүүн болсон л бол татвараа заавал төлнө, үгүй бол хариуцлага тооцно гэх мэт зохицуулалт байхгүй” хэмээн маргадаг.
Улс төрийн намын тухай хуулийн дагуу үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж, нам байгуулах гэж буй хүмүүс 801-ээс дээш хүний гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Ийм тооны албан ёсны бүртгэл бүхий гишүүнтэй байж Дээд шүүхэд бүртгүүлэх болзол хангана гэсэн үг. Намын гишүүний тооны доод босго ийм юм. Тиймээс шууд л гишүүнчлэлгүй болгох боломж одоогийн нөхцөлд байхгүй. Харин сонгууль болохоор хүмүүсийг “бөөндөн” элсүүлдэг, энэ тоогоороо өрсөлддөг “ах” намуудын “эмгэг”-ийг шинэ үеийн залуус засаж эхэлжээ. Тэд улам хэрсүүжиж буй учир хэн нэг даргадаа “загнуулаад” л юуг нь ч мэдэхгүйгээр аль нэг намд элсдэг хүн цөөрсөн байна. Мөн шинээр нам байгуулах гэж буй залуус тооны хойноос хөөцөлдөх бус, үзэл баримтлал, үнэт зүйлийг нь үнэхээр ойлгож, дэмжих хүмүүсийг л элсүүлнэ гэдэг болсон.
40-өөс доош насны залуус голдуу нэгдэн байгуулж буй Либертари намынхан яг ийм зарчим баримталж, дэмжин ирж буй хүмүүст бодлого, зорилго, үзэл баримтлалаа уйгагүй тайлбарлаж буй юм билээ. Тиймээс тэд 801 хүний гарын үсгийг цуглуулахад ийнхүү урт хугацаа зарцуулж байгаа аж. Үзэл баримтлал, үнэт зүйл, ямар бодлого явуулах нам гэдгийг нь ойлгож, дэмжин нэгдсэн 800 гаруй гишүүнтэй байх уу, үнэмлэхтэйгээс цаашгүй 80 мянган хүнтэй явах уу гэдгээ намууд шийдэх цаг болсон байна. Итгэл үнэмшлийнхээ дагуу, өөрийн хүсэлтээр нэгдсэн хүн үүнээсээ ичих шаардлагагүй, тиймээс бүртгэлээ олон нийтэд дэлгэхээс ч татгалзахгүй болов уу. Юутай ч намуудын сул гишүүдийн тоог хуулиар цэгцлэх нь тодорхой боллоо. Харин намыг албан тушаалд хүрэх шат гишгүүр болгон элсдэг, түүндээ хүрдэг тогтолцоог амархан өөрчилж чадахгүй биз ээ.