2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буй тул орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаанбаатар хотод орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 177,540 байна. Тэр дундаа зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн их байгааг албаныхан онцолж байв.
Иймээс Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гарлаа. Энэ хүрээнд наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд замын хөдөлгөөнд оролцуулна. Харин тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-нд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Дугаарын хязгаарлалтын бүс одоо мөрдөж байгаагаар буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Чулуун овооны аюулгүйн тойргоос Саппорогийн тойрог хүртэл 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
Хэвлэлийн хурлын үеэр сүүлийн жилүүдэд шинээр дугаар авсан тээврийн хэрэгслийн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, 2020 онд 88,344 тээврийн хэрэгсэлд шинээр дугаар авсан бол 2021 онд 104,522, 2022 онд 97,458 машинд дугаар авчээ. Харин 2023 он гарснаас хойших найман сарын хугацаанд 71,575 тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олгосон байна.
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 2020 онд 610,191 байсан бол 2021 онд 662,644, 2022 онд 711,835, 2023 оны наймдугаар сарын байдлаар 685,092 байгаа юм. Энэ жил тоо буурсан нь тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын хүрээнд улсын хэмжээнд 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассантай холбоотой гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн хэлж байлаа.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарын сүүлчийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулснаар бүс доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тоо 37.4 хувиар буурна гэж үзэж байна. Өнгөрсөн жил тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулснаар 7-9 км/цаг байсан хурд 15-20 км/цаг болж нэмэгдэж байжээ.
Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна автобусыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.