Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр,
Нийслэлийн хэмжээнд 320 байршилд 7215 гарааш буулгаж байгаа бөгөөд 95 төлөвлөлтийн даалгавар боловсруулсан нь гарааш буулгасан талбайг 100 хувь хамарч буй. Мөн нийслэлийн есөн дүүргийн 117 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 48 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд одоогоор 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулж, 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм.
Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон. Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон байна. Ус чийгэнд дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай хэмээлээ.