Улс төрийн гол хүчин болох МАН, АН-ын жилийн орлого, санхүүжилт хэдэн төгрөг байдаг вэ. Бусад улс оронд нээлттэй байдаг уг мэдээлэл манайд бол “нууц”. Эдгээр намын удирдлага, санхүү хариуцсан хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй. УИХ-д сонгогдсон гишүүн болон сонгогчдоос авсан санал бүрийн тоогоор намуудын төсвөөс авдаг мөнгөний хэмжээ ирэх оноос өсөх нь. Энэ бүх санхүүжилтэд жилд дунджаар таван тэрбум төгрөг олгоно хэмээн тооцсон юм байна. Холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулснаар парламентад төлөөлөлтэй намуудын тоо нэмэгдэнэ гэж үзэж буй ч 2012 оны жишгээс харахад 4-5-аас хэтрэхгүй л болов уу. Тэгэхээр авсан суудлынхаа тооноос хамаараад эдгээр нам өнөөх таван тэрбум төгрөгийг хувааж хүртэнэ. Гэтэл уг мөнгө нь эрх баригч, 100 жилийн түүхтэй МАН-ын жилийн орлогын хэдэн хувийг эзлэх вэ. АН-ынхны орлогод нөлөөлөх хэмжээний мөнгө байж чадах уу. Хариулж мэдэх хүн алга. Таван тэрбум төгрөг тэдний хувьд хувинтай ус руу дусал нэмэх төдий л мөнгө байх. Ийнхүү багцаалдахаас өөр боломж хэвлэлийнхэнд ч, судлаачдад ч алга. Төсвөөс мөнгө олгох замаар намуудыг төлөвшүүлж, хариуцлагатай болгоно гэж буй ч тэдний хувьд бараг “өдрийн хоолны” мөнгөөр энэ бүхнийг хийж барах уу.
...Хэрэв төр орлогынх нь дийлэнх хувийг санхүүжүүлээд байвал намууд улам залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Эсрэгээрээ бусад орлогынх нь дэргэд “шүлс” шиг юм байвал тэд заавал олон шат дамжлага дамжиж, хянуулах, тайлан гаргах гэж хичээхгүй. “Баян” намуудын хувьд уг мөнгийг авсан, аваагүйн ялгаа гарахгүй нь...
ХҮН НАМЫН 2020 ОНЫ ОРЛОГЫН 31 ХУВИЙГ ТӨРИЙН МӨНГӨ БҮРДҮҮЛЭВ
Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намууд жил бүр санхүүгийн тайлангаа гаргаж, түүндээ аудит хийлгээд олон нийтэд танилцуулах үүрэгтэй. Гэвч энэ хуулийг анх баталснаас хойших 33 жилд ганцхан ХҮН нам л хагас дутуу хэрэгжүүлжээ. Тэд 2018 оноос хойших тайлангаа олон нийтэд ил тод байршуулсан байна. 2019 онд тус намын үндсэн үйл ажиллагааны орлого 40.5 сая төгрөг байсан бол сонгуулийн жилд 370.3 сая болж огцом өсжээ. Сонгуулийн жилд намууд иргэн, хуулийн этгээдээс хандив цуглуулах ажил эрчимжих нь мэдээж юм. 2019 онд тэдний хандив, тусламжийн орлого ердөө 180 мянган төгрөг байсан бол 2020 онд 73.2 сая төгрөгт хүржээ. Тус нам 2020 онд УИХ-д нэг суудал авсан, үүний үнэлгээ 10 сая төгрөг. Мөн тэд нийт сонгогчийн 5.3 хувийн буюу 106 210 хүний дэмжлэгийг авсан аж. Үүнийг 1000 төгрөгөөр тооцоход 106.2 сая төгрөг бөгөөд 2020 оны үндсэн орлогынх нь 31 хувь болж байгаа юм. Сонгогчийн саналыг үнэлдэг мөнгийг дөрвөн жилд нэг, “суудлын мөнгө”-ийг жил бүр олгодог билээ. ХҮН намын 2022 оны үндсэн үйл ажиллагааны орлого 241.8 сая байсан бол төсвийн санхүүжилт болох 10 сая төгрөг нь үүний дөрвөн хувийг бүрдүүлж байна.
Энэ “багцаа” тооцоог санхүүгийн тайлан нь нууц бусад нам дээр хийх боломжгүй. Харин шинэчлэн баталсан хуулийн дагуу ирэх оноос бүх нам санхүүгийн тайлангаа тавьж, олон нийтэд танилцуулах үүрэг хүлээсэн, хяналт тавих эрх, үүргийг СЕХ хэрэгжүүлнэ. Өмнөх он жилүүдийн адил хуулийн заалтыг үл тоох боломжгүй болно гэж төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн үзэж байгаа. Учир нь хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй намыг бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болгох асуудлыг СЕХ-ноос Дээд шүүхэд тавьж, тэд шийдвэр гаргах юм.
СОНГОГЧИЙН САНАЛААР ҮНЭЛДЭГ МӨНГИЙГ ЖИЛ БҮР ОЛГОНО
Манай улс 1996 оноос парламентад төлөөлөлтэй болсон намуудад суудал тус бүрийнх нь тоогоор нэг сая төгрөг төсвөөс олгож эхэлсэн. 2002 онд энэ хэмжээг 2.5, 2010 онд 10 сая төгрөг болгон нэмээд байв. Тэгвэл өнгөрсөн сард шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулиар “суудлын мөнгө”-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмсэнтэй тэнцүү байхаар өөрчилжээ. Одоогийн ханшаар бол тухайн нам сонгогдсон нэг гишүүн бүртээ 13.5 сая төгрөг авах бөгөөд өмнөх жилүүдийнхээс 3.5 саяар өссөн гэсэн үг. Өмнө нь гишүүд уг мөнгөний 50 хувийг сонгогдсон тойрогтоо зарцуулахаар хуульчилсан байв. Харин одоо холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулж, намын жагсаалтаар тойроггүй 48 гишүүн сонгох учир дээрх заалтыг хассан аж. “Суудлын мөнгө”-ийг намд нь олгож, тэд үүнийхээ 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд, залуус, ахмадын оролцоог хангахад, 15-аас доошгүйг иргэдэд улс төрийн боловсрол олгоход, 15-аас доошгүйг судалгаа, шинжилгээ хийхэд зарцуулна хэмээн заажээ.
Мөн нэг сонгогчоос авсан саналыг нь өмнөх хуулиар 1000 төгрөгөөр үнэлж, санхүүжилтийг дөрвөн жилд ганц удаа олгодог байв. Тэгвэл шинэчилсэн хуулиар уг мөнгөний дээд хэмжээг 3850 төгрөг болгон нэмж, нэг сонгогчийн саналыг дунджаар 2750 төгрөгөөр үнэлэн, жил бүр өгөхөөр тусгажээ. Намуудад олгож буй санхүүжилтээс хамгийн шударга нь саналын мөнгө юм. 2020 онд АН нийт сонгогчийн 24 хувийн санал авсан ч парламентад 11 суудалтай болсон. Харин МАН нийт сонгогчийн 45 хувийн саналыг авсан атлаа УИХ-д 62 гишүүн нь сонгогдсон байдаг. Сонгуулийн тогтолцооноос хамаарч, ийм шударга бус хуваарилалт оногддог учраас тухайн намын авсан хүчинтэй саналд өгөх мөнгийг жил бүр олгохоор тусгасан юм билээ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон 30 хувийн квотоос давуулж эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлбэл тус бүрийг нь 13.5 сая төгрөгөөр тооцсон бонус урамшууллыг намд олгохоор хуульчилжээ. Нийгмийн төлөөллийн сонгогдох эрхийг баталгаажуулах нь уг зохицуулалтын зорилго. Гэхдээ сонгогдох, эсэх нь чухал биш, гагцхүү нэр дэвшүүлсэн нөхцөлд ийм урамшуулал олгох учраас жижиг намуудад “мөнгө хийх” боломж гарч байна. Ерөнхий дүнгээр нь харахад намуудад төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ ийнхүү өссөн байгаа юм.
ТӨСВИЙН ЗАРДЛЫН 0.04 ХУВЬ
Гэвч намуудад жилд олгох таван тэрбум төгрөг нь улсын төсвийн зардлын 0.04 хувьтай л тэнцэж байна. Олон улсад намуудад олгодог санхүүжилт нь төсвийн зардлын 1.5 орчим хувийг эзэлдэг гэсэн тойм судалгаа байдаг гэнэ. Бага мөнгө гэж байгаа ч төсвийн санхүүжилтийг хэтрүүлж нэмж болохгүй, бас дутуудуулбал үр дүн гардаггүй тухай судлаачид хэлж буй юм. Тиймээс манай улсын хувьд эхний ээлжид санхүүжүүлэх механизмыг л бий болгож өгсөн гэхэд буруудахгүй нь.
Европын орнуудад төрөөс олгодог санхүүжилт нь тухайн намын нийт орлогод голлох байр эзэлдэг аж. Тухайлбал, ХБНГУ-д төсвийн санхүүжилт тухайн намын орлогын 36, Испанид 70 хувь байдаг. Харин манайд намуудын жилийн орлогыг мэдэхгүйгээр төсвийн санхүүжилт нөлөөлөх, үгүйг, баталсан хууль нь үр дүнтэй байх, эсэхийг хэлэх хэцүү байгаа юм. Намуудын өөрийн орлого болон төсвөөс олгох санхүүжилтийн тэнцвэрийг хангах нь чухал. Хэрэв төр орлогынх нь дийлэнх хувийг санхүүжүүлээд байвал намууд улам залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Эсрэгээрээ бусад орлогынх нь дэргэд “шүлс” шиг юм байвал тэд заавал олон шат дамжлага дамжиж, хянуулах, тайлан гаргах гэж хичээхгүй. “Баян” намуудын хувьд уг мөнгийг авсан, аваагүйн ялгаа гарахгүй нь. Санхүүгийн тайлан нь нууц байгаа намуудын хувьд хуулийн этгээдийн хандиваас гол орлогоо бүрдүүлдэг гэж үздэг. Хэдийгээр шинэчлэн баталсан хуульд хуулийн этгээдээс авах хандивыг бүр хориглохоор оролдож үзсэн ч улстөрчид үндсэн орлогоосоо салахыг хүсээгүй учир уг санал дэмжлэг аваагүй юм билээ.
АН, МАН зэрэг том намын авдаг хандив, жилийн орлогод төрөөс өгөх мөнгө нөлөөлөхөөргүй юм бол тэд урьдын адил том толгой гаргаж, хууль зөрчсөн хэвээр байх юм биш үү. Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан өгөөгүй намын сонгуульд оролцох эрхийг хасна гэж буй ч СЕХ-ны удирдлагыг УИХ-аас, Дээд шүүхийн шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Тэднийг эрх баригч нам “удирдаж” чадна гэсэн хардлага байна. Нөгөө талаар дургүй нь хүрвэл Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, дээрх заалтыг хасчихаж ч болно. Угаас хуулийг өөрийн эрх ашигтаа нийцүүлж баталж, өөрчилдөг нь манай улстөрчдийн гэм биш, зан шүү дээ.
Хуульд реформын чанартай олон өөрчлөлт оруулсан ч биелүүлэхээс зугтах, буцаагаад цуцлах эрх нь нээлттэй хэвээр л байна. Тэгээд яах вэ. Энэ тохиолдолд олон нийтийн хяналтад найдах нэг зам бий. Өрсөлдөгч намууд нөгөөгөө хянаж, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, сонгогчид ч явцыг нь ажиглаж, санал, гомдол гарган, шаардлагаа тавих боломжтой. Ингэж нэгдэж, төрийн нэг байгууллагын тавих хяналтаас илүү гарч ажиллаж чадвал олон жил эрх дураараа явсан намуудыг номд нь оруулж, тэр хэрээр хариуцлагатай болгож чадна.