Хууль батлах, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих нь парламентын үндсэн үүрэг байдаг. Гишүүд чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулдаг. Гэтэл МАН төрийн эрхийг барьсан сүүлийн долоон жилд юмс их өөрчлөгджээ. Ажил “гараас гарах”-даа их уддаг, баталсан хуульдаа зориулж “хүлээн авах ёслол” хийдэг болсон байна. Хаврын чуулган завсарлах үед буюу долдугаар сарын 7-нд УИХ олон хуулийг эцэслэн баталсан. Үүний нэг нь Боловсролын тухай багц хууль байв. Энэ сарын 25-нд уг хуулийг хүлээн авах ёслол хийх тухай улс төрийн хүрээнд зар тараагаад эхэлжээ.
Англи хэлийг албан ёсны гадаад хэл болгон тунхагласан нь энэ хуулийн нэг онцлог. Уг асуудлыг тойрон нийгмийн сүлжээнд нэлээд талцал, хэлэлцүүлэг өрнөсөн билээ. Мөн багш, боловсролын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудалд нэлээд анхаарч, алслагдсан бүс, орон нутагт тууштай ажиллавал нэмэгдэл урамшуулал олгохоос эхлээд хэрэгтэй зохицуулалтууд оруулсан нь үнэн. Гэхдээ амьдралд ойрхон, зөв хууль батлах, түүнийгээ сурталчлах, таниулах, мэдээлэх нь УИХ-ын үүрэг. Хийх ёстой ажлынхаа төлөө алга ташуулж, ёслол хийн, тууз хайчлахгүй бол нойр нь хүрэхээ больсон бололтой. 2017 онд Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслол Сүхбаатарын талбайд болж, үүнд зориулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж байсан юм билээ. Ийм маягаар МАН хууль хүлээн авах ёслолыг уламжлал болгож байгаа бололтой. Хууль тогтоомжийн тухай хуулийн 44.1-т “УИХ-ын Тамгын газар хууль, тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан байна. Харин ёслол хийнэ гэсэн үг, өгүүлбэр алга. Улстөрчид элдэв хөшөө, бараг жорлон барьсан ч нээлтийн ёслол хийж, тууз хайчилдаг л өвчинтэй байсан юм.
Тэгвэл одоо энэ “өвчин” нь ийнхүү хууль руу халдаж, баталсан болгоныхоо араас хүлээн авах ёслол хийдэг болж байгаа юм даг уу даа. Энэ нь үнэндээ хоосон сүржигнэл, төсвийн мөнгийг үргүй зарах л нэг хувилбар шүү дээ. Үүнээс гадна парламент аливаа хуулийг баталсны дараа үг, үсгийн алдааг засаж, эцсийн найруулга хийдэг. Үүнийг парламентад танилцуулсны дараа УИХ-ын дарга ёсчилж гарын үсэг зурдаг. Улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэн, олон нийтэд түгээдэг юм. Гэтэл долдугаар сарын 7-нд Боловсролын тухай багц хуулийг дээрх сэтгүүлийн наймдугаар сарын 1-ний 27 дахь дугаарт нийтэлсэн атал үүнтэй нэг өдөр баталсан Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хууль одоо ч “нууц” хэвээр байна. Эдгээр хуулийг 7-10 хоногт нэг гардаг уг сэтгүүлийн 33 дахь дугаарт нийтлэхээр төлөвлөсөн сурагтай. Хамгийн сүүлд тус сэтгүүл 29 дэх дугаараа гаргасан.
Тэгэхээр есдүгээр сараас нааш бид Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг олж үзэхгүй нь. Яг ямар зүйл, заалт, хэрхэн өөрчлөгдсөн тухай тодорхой мэдээллийг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, иргэд авмаар л байна. Эцсийн найруулга хийх хугацаа тухайн хуулийн хэмжээ, цар хүрээнээс хамаардаг ч хоёр сар гаруйн турш “нягтлах” нь арай л удаан биш үү.
Энэ мэтээр ажил тань хэтэрхий удаан, бас сүржигнэл их байгаа юм биш үү, УИХ-ын дарга Г.Занданшатар аа, түүний Тамгын газрынхаан. Хэлбэр багатай, хурдан шуурхай байх нь ажлыг үнэлэх нэг чухал үзүүлэлт билээ.