АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа уг сонгуульт албаа хүлээлгэн өгөхөөр болсныг бид мэдээлсэн. Энэ сарын 28-нд болох тус намын ҮБХ-ны хурлын дараа АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөл хуралдаж, С.Одонтуяаг чөлөөлөн, орны хүнийг нь сонгох юм. Тэгвэл уг албан тушаалд АН-ын дэргэдэх Стратеги, судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн Б.Жаргалан нараас гадна УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр бүсгүйчүүд нэр дэвших 30 хувийн квоттой болсноос гадна намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа намын төлөөллийн, гүйцэтгэх, хяналтын байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 40-өөс доошгүй байхаар тусгасан. Эдгээр зохицуулалт бүсгүйчүүдийн идэвх, амбицыг эрс нэмэгдүүлээд байгаа юм.