Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал энэ сарын 2-6-нд үргэлжлээд, өндөрлөж байна. Ерөнхий сайдын түвшинд АНУ-д олон жилийн дараа хийж байгаа уг айлчлалаас чамлахааргүй үр дүн гарч буй юм. Айлчлалын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын Тээврийн сайд Пит Бүттэжэйж, Батлан хамгаалахын сайд Л.Остин, Худалдааны сайд Жина Раймондо нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Эдгээр уулзалт, айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон жил ярьсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал гэсэн хоёр чухал бичиг баримтад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Эхний хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болж буй бол замын зураглал нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах баримт бичиг юм.
Мөн Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, АНУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичигт Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурсан. Тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна. Үүний хүрээнд авто болон төмөр зам, хурдны, дотоодын усан зам, транзит, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хоёр улсын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ. Уулзалтын үеэр чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг Ерөнхий сайд онцлов. Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурдаад тодорхой санал тавилаа. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтрах, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэжээ.
“GOOGLE” 10 МЯНГАН БАГШ, 1000 ИНЖЕНЕР БЭЛДЭЖ ӨГНӨ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-нд дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочилж, Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилт хийж байгааг онцолсон байна. Энэ уулзалтын үеэр хэд хэдэн чухал шийдэлд хүрсэн аж. “Google” компани бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөтөлбөрүүдээ Монгол Улсад нэвтрүүлэх гараагаа боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр эхлүүлэхээр болсон аж. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллах хамтарсан мэдэгдлийг талууд гаргажээ.
ТүүнчлэнYoutube local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Ингэснээр старт-ап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-ээр орлогын эх үүсвэртэй болж, Монголын контент бүтээгчид “Youtube”-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Үүнээс гадна “Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10 000 багшийг цахим хөтөлбөрт хамруулж сургахаар тохиролцов. Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google career certificate” хөтөлбөрт 1000 залууг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэх нь.
Манай улс АНУ-тай сансар судлалын салбарт хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа гэдгээ Ерөнхий сайд айлчлалын үеэр онцоллоо. Тэгвэл үүний хүрээнд тэрбээр АНУ-ын Сансар судлал, сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзсан байна. АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт манай Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд энэ чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв. Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгджээ.