Улс төрийн аль нэг намаас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бүрт төрөөс жилд 10 сая төгрөгийн санхүүжилт олгодог. Нэг гишүүн бүрэн эрхийнхээ дөрвөн жилд 40 сая төгрөг авдаг гэсэн үг. Үүний 50 хувийг сонгогдсон тойрогтоо зарцуулах хуультай. Энэ онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд уг үнэлгээг өөрчлөлгүйгээр, хэвээр нь үлдээжээ. Мөн тухайн улс төрийн намын сонгуулиар авсан нийт саналыг хүчинтэй саналтай харьцуулан олгодог санхүүжилт гэж бий. Энэ хоёр төрлийн санхүүжилтэд зориулан намуудад улсын төсвөөс жилд 4.5-4.9 орчим тэрбум төгрөг олгож ирсэн байна. Харин УИХ-ын гишүүд уг мөнгөөр ямар ажил хийж, юунд зарцуулсаар ирсэн бэ. Үүнд хэн хяналт тавьж, ямар хариуцлага тооцдог юм бол. Улс төрийн намууд төрөөс авсан санхүүжилтийнхээ тайланг гаргах үүргийг хуулиар хүлээсэн ч түүнийг нь олж харсан хүн алга. Гэвч төсвийн мөнгө уйлахгүй учраас төрөөс эл санхүүжилтийг тасралтгүй өгсөөр ирсэн байх юм.
...Өнөөх нь сүүлийн 30 жилийн бараг 90 хувьд нь төрийн эрх бариад, бодлогоо хэрэгжүүлээд байгаа “том болсон” нам шүүдээ. Эсвэл ерөөсөө зуун жилийн турш төлөвшиж чадахгүй байгаа ч юм уу, тийм бол тэднийг хэдий болтол төсвөөс дэмжих ч ёстой юм...
ТӨЛӨВШИЖ ДУУСДАГГҮЙ МАН, АН
1990 онд анх удаа баталсан Улс төрийн намын тухай хуульд 1996 оны дөрөвдүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд нэг сая төгрөгөөр тооцож, парламентын бүрэн эрхийн хугацаанд улирал тутам санхүүжилт олгоно. Энэхүү хэмжээг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна” гэсэн заалт оруулж байжээ. Тэгэхээр 1996 оны парламентаас эхлээд намууд сонгогдсон гишүүнийхээ тоогоор жилд нэг сая төгрөг авч эхэлсэн аж. Хожим 2001 онд уг үнэлгээг 2.5 сая, 2005 онд 10 сая болгон нэмсэн юм билээ.
10 сая төгрөгийн санхүүжилт өгч эхэлсэн 2008 оноос хойш УИХ-д МАН, АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл (МАХН, МҮАН), “Зөв хүн электорат” (ХҮН нам, Социал демократ нам, Зүй ёсны нам), “Та, бидний эвсэл” (МАХН, ИЗНН, МУНН) гэсэн намууд суудал авчээ.
Хүснэгтээс харахад МАН 2008 оноос хойш 7.8, АН 3.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс дэмжлэг болгон авсан байна. Үүнд 2024 онд авах санхүүжилтийг нэмж оруулсныг санах хэрэгтэй. Мөн зөвхөн УИХ-д сонгогдсон гишүүний тоогоор төсвөөс авсан “суудлын” мөнгөний хэмжээг тооцсон. Үүн дээр сонгуулиар нийт сонгогчоос авсан саналыг үнэлж олгосон нэг удаагийн санхүүжилт нэмэгдэнэ. Сүүлийн хоёр удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, парламентын 76 гишүүний 62-65-ыг нь бүрдүүлсэн учраас намуудад олгодог “суудлын” мөнгөний 81-85 хувийг авсан гэсэн үг.
Одоо улс төрийн намд төрөөс санхүүжилт олгох болсон гол зорилгыг сануулъя. Зөвхөн “намтай” гишүүнд олгодог уг дэмжлэг нь улс төрийн институцийг төлөвшүүлэх, авлигаас ангид байлгах, тэгш гараанаас өрсөлдөх боломж олгох, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч манай улсын парламентад МАН, АН ба гуравдагч хүчний 3-4 нам л ээлжлэн сонгогддог учраас төрийн дэмжлэгийн хүрээ тун хязгаарлагдмал. “Тэгш гарааны” боломж нь 2008 оноос хойш ердөө найман намд олджээ.
Нам гэдэг байгууллага нь өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшилд тулгуурласан үзэл баримтлал, бодлогоо тууштай илэрхийлж, иргэдийн хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалах, дамжуулах үүрэгтэй ажилладаг. Гэтэл манайд ийм бодлого дэвшүүлэн, өрсөлдөж хүчрэхгүй байгаа учраас дээрх санхүүжилт шаардлагатай хэмээн үзсээр ирсэн юм. Манай улсын ууган нам болох МАН 100 гаруй жилийн түүхтэй. Төсвийн санхүүжилтийн үндсэн утга нь “төлөвшүүлэх, бодлогын нам болгох” гээд байдаг. Өнөөх нь сүүлийн 30 жилийн бараг 90 хувьд нь төрийн эрх бариад, бодлогоо хэрэгжүүлээд байгаа “том болсон” нам шүү дээ. Эсвэл ерөөсөө зуун жилийн турш төлөвшиж чадахгүй байгаа ч юм уу, тийм бол тэднийг хэдий болтол төсвөөс дэмжих ч ёстой юм. Энэ бол анхаарах нэг өнцөг. Сонгогчид МАН-аас л нэр дэвшсэн бол “ямаа” байсан ч сонгоод байхад олонх болчихсон нам нь хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийнхаа хүрээнд төрөөс олгож байгаа санхүүжилтээ авах нь зүй. Гэхдээ логик нь яаг хааччихав аа.
АН-ын хувьд 30 гаруй настай, идэр залуу нам хэдий ч төрийн эрхийг хамтран 2-3, дангаар ганц удаа барьж үзсэн туршлагатай. Харамсалтай нь, дотроо олон талцдаг бүлэглэлүүдээ эвлүүлж чадахгүй яваа учраас тэднийг төлөвшөөгүй гэж хэлж болно.
ТАЙЛАН, САНХҮҮЖИЛТИЙН ХЯНАЛТЫГ СЕХ “БАЗАЖ” ЧАДАХ УУ
2005 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. Мөн санхүүжилтийн хяналтыг тухайн намын хяналтын байгууллага нь хийхээр хуульд тусгасан байв. Өөртөө “онц” дүн тавьчихаад л хуульд заасан шаардлагыг тэд үл тоосоор иржээ. Хэдий нам үл тоосон байлаа ч төсвийн мөнгийг зарцуулахдаа холбогдох байгууллагууд хяналт тавих учиртай. Гэвч Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, СЕХ, Татварын ерөнхий газар гээд холбогдох төрийн байгууллагаас хяналт тавьсангүй. Хянах хуулийн тодорхой зохицуулалт ч байгаагүй юм. Хуулийн хийдэл дундуур намууд дураараа дургиж, төсвийн мөнгийг тайлагналгүй “идсээр” ирсэн нь энэ. Ийм байдлыг өнгөрсөн сард баталсан хуулиар өөрчилж, төрөөс намд олгох бүх санхүүжилтийг СЕХ хянахаар зохицуулжээ.
Улс төрийн санхүүжилт гэдэг нь хөрөнгө босгох, зарцуулах, тайлагнах, хянах зэргийг багтаасан цогц асуудал. Тиймээс төрөөс авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулсан, эсэхээ олон нийтэд тайлагнаагүй, аудит хийлгэж баталгаажуулаагүй намуудыг дэмжлэгээс хасах нь шударга. Төрийн санхүүжилтийн нэг зорилго нь намуудыг хариуцлагатай болгох шүү дээ. Уг хуулийг энэ онд шинэчлэн найруулж, батлахаас өмнө судлаачид лон удаа сануулж байв. Тэгвэл сонгуульд оролцсон нам бүр санхүүгийн тайлангаа өгнө, аудит хийлгэх зардлыг нь төрөөс гаргана гэсэн заалт хуульд оруулсан юм билээ. “Ямар ч төрийн бус байгууллагад ийм дэмжлэг байхгүй” хэмээн улс төр судлаачид ярьж байсан нь үнэн. Ингэж “эрхлүүлээд” байхад санхүүгийн тайлангаа тавихгүй бол төрийн элдэв санхүүжилтийн дэмжлэгийг горьдоод ч хэрэггүй. Намууд тайлангаа гаргасан, эсэхийг мөн л СЕХ хянах юм байна. Тэд төсвөөс гарч буй бүх төрлийн санхүүжилтийг хянах учраас энэ нь ч зөв биз. Дэлхийн нийт улсын 37 хувьд нь Сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудын санхүүжилтийг хянадаг тогтолцоо байдаг аж. СЕХ нь бие даасан, хараат бус нөхцөлд ажиллаж чаддаг улс орнуудад энэ бол зөв тогтолцоо. Харин манай улсад ийм боломж бий юү гэдэг нь эргэлзээтэй. Учир нь эрх баригчдын “гар хүрэхгүй” төрийн байгууллага гэж бараг үгүй болсон. Тиймээс СЕХ ачааллаа дийлж, эрх баригчдаас ирэх “дарамт”-ыг сөрж ажиллаж чадах болов уу гэсэн зовинол бий. “Базах” биш, “базуулчих” эрсдэл ч бий. Юутай ч намуудаас СЕХ руу хяналтыг шилжүүлсний үр дүн гарах, эсэхийг харж байя.
2024 оноос эхлэн бид парламентад 126 гишүүн сонгоно. Ингэхээр нэг гишүүний “суудлын” мөнгөнд зарцуулах төсвийн хэмжээ нэмэгдэж, жилд 7.8 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо хийсэн юм билээ. Үргүй зардал гаргахгүйн тулд хяналтаа сайн тавих хэрэгтэй. Зөвхөн СЕХ-нд найдаад орхих биш, сонгогчид ч саналаа өгөхдөө улстөрчдийн ийм тайлан, хийсэн ажлынх нь бодит үр дүнг харгалздаг байя. Төсвийн мөнгө гэж байдаггүй, та, бидний хөдөлмөрлөж, улсдаа төлсөн татварын мөнгө л гэж байдгийг сана.