2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 3.3%-иар нэмэгдэж, 8.3 тэрбум тонн болж, түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Энэ тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) тайланд дурджээ Хамгийн сүүлд 2013 онд нүүрсний хэрэглээ 7.9 тэрбум тоннд хүрч бүртгэгдэж байсан юм.
"Таамаглаж байснаар <...> дэлхийн нүүрсний эрэлт 2022 онд шинэ дээд амжилт тогтоож, 8.3 тэрбум тонн давлаа. Дэлхийн эдийн засаг суларч байгаа хэдий ч энэ нь дэлхийн олон хэсэгт нүүрсний олдоц илүү хүртээмжтэй бөгөөд байгалийн хийтэй харьцуулахад харьцангуй хямд байгаатай холбоотой” хэмээн тайланд дурджээ.
2023 оны эхний хагас жилийн дүнгээр дэлхийн нүүрсний эрэлт 1.5 хувиар нэмэгдэж, 4.7 тэрбум тоннд хүрсэн байна.
ОУЭА-ийн мэдээлснээр энэ нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (+1%), нүүрсний үйлдвэрлэлийн хэрэглээ (+2%) нэмэгдсэнтэй холбоотой.
Үүний зэрэгцээ хоёр том хэрэглэгч болох Хятад, Энэтхэгийн эрэлт 2023 оны 1-6 дугаар сард 5 гаруй хувиар өссөн нь АНУ болон ЕХ-ны орнуудын нүүрсний хэрэглээний бууралтыг нөхсөн байна.
2021 онд Хятад, Энэтхэг хоёр дэлхийн хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлсэн буюу нийлээд дэлхийн бусад орнуудаас хоёр дахин их нүүрс хэрэглэжээ.
2023 онд хоёр улсын эзлэх хувь 70 хувьд хүрнэ гэж ОУЭА-ийн тайланд дурджээ.