Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, ялангуяа алба хаагчидтай холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр мэдээлэл хийв. Тус комиссын гишүүн Г.Нарантуяа “Цар тахал болон түүнээс хойш тохиолдсон гамшиг, ослуудтай холбоотойгоор ХЭҮК шалгалт явуулж, жил бүрийн илтгэлдээ тусгаж ирсэн.
Гамшгаас хүн амыг хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны тогтолцоог сайжруулах нь манай улсын хувьд нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл. Мөн алба хаагчдыг чадавхжуулах, хамгаалах нь чухал байна. Алба хаагчдыг яаж хамгаалахаас гамшгийг хэр амжилттай даван туулах нь хамаардаг. Тийм учраас ХЭҮК гурван төрлийн зөвлөмжийг Засгийн газарт өгч байна. Нэгдүгээрт, алба хаагчдыг амь нас, гамшгийн үеийн эрсдэлийн даатгалд хамруулах, нөхөн төлбөр авах боломж бүрдүүлэх нь зүйтэй.
Хоёрт, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, ажил, амралтын цаг, цалин, нэмэгдэл урамшууллыг хуульд заасны дагуу олгох ёстой. Гуравт, алба хаагчдын техник хэрэгсэлтэй ажиллах чадварыг сайжруулах, эрсдэлийг бодитой үнэлж, өөрийгөө болон бусдыг хамгаалах, хохирлын хэмжээг бууруулах чиглэлээр тогтмол сургаж дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх талаар зөвлөмжид тусгалаа” гэв.