Боловсролын болон Эрүүл мэндийн сайд нар хамтарсан тушаал гаргaж, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Эл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг дээрх тушаалаар байгуулсан байна. Үүний хүрээнд энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид суралцаж буй 73 мянга гаруй хүүхдийг I, III улиралд зүрх, судас, нүд, шүдний үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Эрт илрүүлгээр өвчин эмгэг илэрсэн хүүхдүүдийг эмчилж, цаашид ч хянах буюу цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх гэнэ. Энэ төрлийн үзлэгийг ирэх жилүүдэд тогтмол зохион байгуулах, цаашид зөвхөн нэгдүгээр ангийнхан бус, бүх сурагчийг хамруулах боломжийг дээрх хоёр яамныхан хамтран судалж буй аж. Боловсролын сайд 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг батлахдаа аравдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр бие даалтын долоо хоног оруулсан юм. Энэхүү хугацаанд багтаан сурагчдыг үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Ч.Зул